2024.02.08
ХӨДӨЛМӨРИЙН САЙЧУУД ТӨРИЙН ДЭЭД ОДОНГООР ШАГНАГДАВ
Монголын уламжлалт Цагаан сарын баярын босгон дээр ИХ АЛТАЙ нутгаас хөдөлмөр бүтээлээ төр засаг, түмэн олондоо үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одонгоор шагнагдсан хүмүүст шагналыг нь гардуулан өгч, баяр хүргэлээ.
”ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор
- Ойдовын Нацагдорж - Аймгийн Социализмын зам нэгдэлд Худалдаа бэлтгэлийн ангид нярав, аймгийн Захиргаанд зохион байгуулагч, референт, Нефть баазын дарга, Үйлдвэрчний зөвлөлд нягтлан бодогч, Хоршоологчдын холбоонд нарийн бичгийн даргаар тус тус амжилттай ажиллаж иржээ.
- Улцангийн Даваа - Улсад 40 гаруй жил түүнээс сум орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж багийн Засаг дарга, Засаг даргын тамгын газрын дарга, мэргэжилтэн, Засаг даргын орлогчоор ажиллаж байсан төрийн албаны ахмад ажилтан юм.
- Гомбодоржийн Туяа – Улсад 35 жил үүнээс хууль шүүхийн болон хүнс үйлдвэрлэлийн салбарт үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж буй салбарын тэргүүний ажилтан ажээ.
”ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН”-оор
Бэлтгэл дэд хурандаа Бадаахүүгийн Батбаяр - Хилийн цэргийн 0214 дүгээр ангийн заставын Жагсаалын дарга, Заставын орлогч, Заставын дарга, Ангийн Барилга, орон сууцны албаны дарга зэрэг албан тушаалуудад нийт 20 жил ажиллах хугацаандаа “Ажил мэргэжлийн аварга”, “Тэргүүний офицер”, “Тэргүүний заставын дарга”-аар удаа дараа шалгарсан бөгөөд Хил хамгаалах байгууллагын “Сүлдэт багана” шагналаар 1 удаа, “Харуул-Алтай” шагналаар 2 удаа тус тус шагнагдсан гавьяатай офицер билээ.
”АЛТАН ГАДАС ОДОН”-оор
- Гомбосүрэнгийн Батсайхан - Боловсролын салбарт 40 орчим жил түүнээс аймгийн МСҮТ-ийн Нийгэм газарзүйн багшаар 20 гаруй жил ажилласан бөгөөд аймгийн газарзүйн олимпиадад 5 удаа түрүүлсэн шилдэг багш юм.
- Хувцагааны Нямхүү -Боловсролын салбарт 30 гаруй жил түүнээс аймгийн төвийн 3-р сургуулийн үйлчилгээний албанд 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилтан билээ.
- Балжиннямын Буянтогтох- Аймгийн Ариун цэврийн станцад мэргэжилтэн, Засаг даргын тамгын газарт мэргэжилтэн, Эрүүл мэндийн газарт мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн аж ахуйн албаны даргаар үр бүтээлтэй ажиллаж ирсэн эрүүл мэндийн салбарын ахмад ажилтан болно.