2023.11.18

Б.Жавхлан: ШИНЭЭР ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ АТАР ГАЗРУУДЫГ МАЛЫН ТЭЖЭЭЛ ТАРИАЛАХАД БУЮУ ЗӨВХӨН МАЛЧДАД ЗОРИУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлангийн дэмжлэгээр Дархан-Уул аймгийн малчид фермерүүдийн “Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжил, сэргэлт-2023” нэгдсэн зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн 4 сумын 300 орчим малчин, фермерүүд оролцлоо. Зөвлөгөөний үеэр сангийн сайд Б.Жавхлан ирэх жилийн төсөвт болон төрийн бодлогоор малчдаа хэрхэн дэмжиж байгаа талаар мэдээлэл өгсөн юм. 

Монгол Улсын 2024 оны төсөв нь малчдаа дэмжсэн төсөв болсон билээ. Тухайлбал:
  • Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцна.
  • Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр урагшлуулав.
  • Малчдын борлуулсан малын гаралтай түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлнө.
  • Малчид НӨАТ-ын тайлан гаргах шаардлаггүй болно.
  • Малын тоо толгойн албан татварыг малчид тайлагнахгүй, татвараас тооцооллыг цахимаар хүргүүлнэ.

Сүүлийн жилүүдэд эрчимжсэн мал аж ахуй буюу суурин мал аж ахуй, фермерийн үйл ажиллагааг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна. Ялангуяа газар нутаг багатай Дархан-Уул аймаг малын тооноос илүү чанарт анхаарах болсон. Малын тоо толгой өмнөх оныхтой харьцуулахад 11 хувиар буурсан бөгөөд харин фермерийн аж ахуйн тоо нэмэгдсэн байна.

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд тулгамддаг гол асуудлуудын нэг бол мэдээж МАЛЫН ТЭЖЭЭЛ. Харин тэжээл тариалахын тулд малчдад атар газар хэрэгтэй. Тиймээс ЗГ-аас газар тариалангийн бүс нутгуудад атар газруудыг шинээр эргэлтэд оруулах ажлыг судалж буй бөгөөд аймгуудаас хичнээн га газрыг эргэлтэд оруулах боломжтой талаар судалгаа авсан.

Шинээр эргэлтэд оруулах атар газрыг суурин мал аж ахуй эрхэлж буй малчдадаа зориулах нь зөв гэж үзэж байна. Жишээ нь Дархан-Уул аймагт 5,000 орчим га атар газрыг шинээр эргэлтэд оруулах судалгааг өгчээ. Эцсийн шийдвэрийг УИХ-аас батална. Дэмжигдэнэ гэж найдаж байна. Ингэснээр олон дахин хэтрэлттэй бэлчээрийн даацын асуудал багасаж, махны, сүүний чиглэлийн фермерийн тоо нэмэгдэх, суурин мал аж ахуйг дэмжих зэрэг томоохон үр өгөөжүүдийг өгөх юм гэлээ. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn