2023.10.12
Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн. Тиймээс УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг Хотын даргын албан тушаалд томилох улс төрийн шийдвэр гарсан.
Өнөөдөр НИТХ-аар Х.Нямбаатарыг Хотын даргаар томилох саналыг олонх дэмжсэн байна. Тэрээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ 2023.10.12-д Төрийн байгуулалтын байнгын хороонд гаргасан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ.
Төрийн байгууллалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Х.Нямбаатар гишүүнд амжилт хүсэн үг хэллээ. Үүний дараа тогтоолын төслийг баталсан юм.