Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа хүлээлгэн өглөө
2023.10.06

Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа хүлээлгэн өглөө

Нийслэл Улаанбаатар хотын талаар Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, зургаан сарын хугацаанд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ нийслэлийн ужгирсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхэд нь онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн тухайгаа Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулсан. 

Энэхүү зорилтыг ханган хэрэгжүүлэх үүргийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг томилж буйгаа танилцуулсан. Тэрээр УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүний тангарагаа өргөсөн бөгөөд өмнөх сайд Х.Нямбаатар ажлаа хүлээлгэн өгсөн юм. 

Х.Нямбаатар нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг 3 жил 3 сар хашжээ. Энэ хугацаанд нийтийн эрх зүйн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хувийн эрх зүйн салбарт шинэтгэл хийхийг зорьж ажилласан.

Энэ хүрээндээ 27 хуулийг УИХ-аар батлуулсан байна. Мөн УИХ-аар хэлэлцэх, эсэх нь шийдэгдсэн 13 хууль, боловсруулалтын шатанд байгаа 20 орчим хуулийн төсөлд оролцож ажилласан байна.

Эдгээр хуулийн төслүүдийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Б.Энхбаярт хүлээлгэж өглөө.


Энэ үеэр Х.Нямбаатар "Монгол Улсын хууль зүйн бодлогыг тодорхойлж, боловсронгуй болгох их үйлсэд хамтран зүтгэсэн ХЗДХЯ болон харьяа агентлагуудын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, та бүхэнтэй гар нийлэн, хамтран ажилласан нь нэр төрийн хэрэг байлаа" хэмээн онцолсон байна.