2023.10.05

Ц.Мөнхцэцэг: Нүүрсний сонсголыг өндөр хэмжээнд зохион байгуулж, олон нийтийн мэдэх эрхийг хангахад анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд яаралтай горимоор Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг танилцууллаа.

Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Манай Улсын хөгжлийн хамгийн том чөдөр болсон авлига, нийгмийн шударга бус байдлын талаарх асуудалд Б.Энхбаяр гишүүн маань манлайлан ажиллаж, УИХ дахь хамгийн олон итгэл дэмжлэг хүлээсэн "Хөгжлийн банк"-ны асуудлаар нээлттэй сонсгол явуулсан.

Дараагийн нүүрсний сонсголыг өндөр түвшинд хийж, олон нийтийн мэдэх эрхийг хангах, иргэдийн нүднээс далд байсан асуудлыг ил болгох, парламентын нээлттэй сонсгол гэдэг олон улсын ажилд анхааран ажиллахыг хүсэж байна.

Мөн хүүхдүүд гэрээс сургууль хүрэх замдаа л эрсдэлд орж байна. Тиймээс хүүхэд хамгааллын асуудалд УИХ, Засгийн газар, холбогдох яамдын зүгээс хамтын ажиллагаа, эрх зүйн томоохон шинэчлэлүүдийг яаралтай хиймээр байна. Энэ чиглэлд УИХ дэх Хүний эрхийн дэд хороотой хамтарч ажиллахыг хүсэж байна.

Түүнчлэн Монгол Улсын иргэд хилийн чанадад урт хугацаагаар ажиллаж, амьдарч байна. Тиймээс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх 23 оронтой гэрээтэй байдаг. Эдгээр гэрээт улс орнуудыг цаашид нэмэх шаардлагатай. Их олон улс оронд манай улсын иргэд эрх зүйн туслалцаа авч чадахгүй байна. Та эдгээр асуудлуудад манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байна.