2023.05.03
С.Ганбаатар: Төрийн албан хаагчдын цалин амжиргаанд нь хүрэхгүй байна
УИХ-ын чуулганы /2023,05,03/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
Төрийн албан хаагчдын цалин амжиргаанд нь хүрэхгүй байгаа. Хариуцлага ярих хэрэгтэй. Гэхдээ төрөөс шалтгаалсан зүйлүүд дээр юу хийж байгаа вэ гэдэг дээр бодох цаг болсон. ХЭҮК-ын илтгэл сайн болсон. Илтгэлийн хуудас 575-д нэг үг бий. 2021 онд Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа 39-дүгээр зүйлийн жинхэнэ гэдэг үгийг хасчихсан. Төрийн жинхэнэ албан хаагчдын эрх ашгийг боомилсон. Жинхэнэ гэдэг үгийг хассанаараа бүх төрийн албан хаагч нарын эрх ашгаа хамгаалж, өөрсдийнхөө үзэл бодлоо илэрхийлэх, санаа бодлоо ярих, цалин хөлснийхөө талаар хэлэлцээрт орох эрхийг 100% хассан.
Үүнээс болж төрийн үйлчилгээ, захиргаа, төрийн албан хаагчдын жагсаал цуглаанд орох цаашилбал эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээрт орох эрхийг нь шууд хасчихаж байгаа юм. Энэ талаар УИХ-аас тодорхой шийдвэр гаргах ёстой гэж ХЭҮК-ын илтгэлд заасан байна. Уг асуудлаар санал оруулсан уу. Төрийн албаны тухай хуулийн 58.1.1-ийг ярьж байгаа шүү.
Халах гэдэг хариуцлага ноогдуулах зүйл эрх зүйн орчинд байдаг уу. Халах гэдэг үг орчихсон байна. Шийтгэлийн хойшдын үр дагаварын талаар ямар хязгаарлалт үүсдэг вэ. Энэ үр дагаварын эрх зүйн үндсийг тайлбарлаж өгнө үү. Төрийн албан хаагчдын ёс зүйгээ зөрчсөнөөс сайн дураараа албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэж заасан буй. Төслийн 16.3-д, 15.1-д төрийн албанаас халах хариуцлага, шийтгэлийг ноогдуулж болохоор байна гэж заасан. Үүний эрх зүйн үндсийг тайлбарлаж өгөөч.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.