2023.04.13
Б.Бат-Эрдэнэ: Төрийн албаны ёс зүйн тухай хуульд хүний хөгжлийн асуудал тусгагдсан уу
УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Энэ хуулийн төсөл дээр нэлээн ажилласан. Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хороог ахалж ажиллаж байхдаа улс орон даяар дорвитой хэлэлцүүлэг зохион байгуулсан. Олон улсын байгууллагуудтай хамтарч сургалт, семинар зохион байгуулсан. Орон нутагт очиж ажилласан. Төрийн яам, агентлаг, газруудад мөн ажилласан.
НҮБ-аас гаргасан дөрвөн тогтоол, шийдвэрээс эхлүүлээд бусад улс орнуудын төрийн албаны, төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг чамбай үзэж судалсан. Манай УИХ-ын гишүүдийн зүгээс ч үүнд тусгайлан ажилласан. Тухайлбал Их Хурлын дарга Г.Занданшатар байна. Их Хурлын гишүүн, Засаг газрын хэрэг эрхлэх газрын дарга байхаасаа уг асуудалд ач холбогдол өгч ажиллаж байсан. Бидний нэр бүхий гишүүд төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл боловсруулаад, Их Хуралд өргөн бариад УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдээд, үүний дараа ажлын хэсэг гараад, өнөөдөр Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр энэ хуулийг ахлаад, энд сууж буй ажлын хэсгийн Нарангэрэл академич, Алтанзул доктор, төрийн албаны зөвлөл гээд холбогдох хүмүүс нэлээн сайн чамбай ажиллажээ гэж миний хувьд үзэж байна.
Анх хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагадаа хүний хөгжил талаас онцгойлон анхаарал тавьсан юм. Энэ чиглэлийн асуудал хэр зэрэг тусгагдсан бэ гэдгийг тодруулъя. Улсын хэмжээнд 1200 гаруй ёс зүйн зөвлөл байгуулж, ажлыг нь жигдрүүлсэн гэж дүгнэдэг. Төрийн албаны зөвлөлийн тайлан мэдээнд ч тодорхой дурдагдсан байдаг. Бусад байгууллагуудад яагаад ёс зүйн зөвлөл байгуулагдаж чадахгүй байна гэхээр 25-аас дээш албан хаагчтай байгууллага гээд заасан босго байдаг. Үүнийг яаж авч үзэж байна вэ?
Мөн эл хуульд ёс зүйн хороо байгуулна. Ёс зүйн хороог төрийн албаны зөвлөлд нэмэгдэл орон тоо, төсөв шаардахгүйгээр байгуулъя. Гэхдээ ажиллах бололцоо нөөцийг нь хангая, итгэл даасан шударга зарчмаар ажиллуулна гэж заасан. Энэ зарчим хэвээрээ байна уу. Эсвэл нааш цааш болгосон уу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.