2023.04.13

Т.Энхтүвшин: Ёс зүйн хороо хууль зөрчсөн үйлдэл гаргавал ямар хариуцлага хүлээх вэ

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг дэмжиж байгаа. Энэхүү хууль цаг үеэ олсон, зайлшгүй гарах ёстой. Уг хуулиар ёс зүйн хэм хэмжээг тодорхой болгож өгсөн. Төрийн албан хаагчдын нэр хүнд цаашдаа нэмэгдэх болов уу гэж бодож байна.

Хуулийн 7.1.1-д ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчилж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх гэсэн заалт байна. Чин сэтгэлээсээ гэдгийг хэрхэн хэмжиж тайлбарлах вэ. Чин сэтгэлээсээ үйлчилсэнгүй гээд гомдол гаргавал яаж шалгах юм. Ямар шалгуур үзүүлэлт байх ёстой вэ?  Гэвч үүнийг шалган тогтоох боломж, бололцоо байхгүй. Тиймээс үүнийг шударга, мэргэжлийн түвшинд ажиллах гэх мэтээр тусгаж оруулах хэрэгтэй.

Мөн 9.2-д ёс зүйн хороо ёс зүйн зөвлөлийн энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа хараат бус байна гэжээ. Энэ заалтыг тодорхой болгох хэрэгтэй. Ёс зүйн хороо алдаатай шийдвэр гаргавал хариуцлага хүлээх үү? Хөндлөнгийн нөлөөнд автвал яах вэ гэдгийг хуульд тодорхой болгож оруулах хэрэгтэй.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.