Зүүн бүсийн аймгийн боловсролын салбарынхны дунд Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
2021.11.22

Зүүн бүсийн аймгийн боловсролын салбарынхны дунд Боловсролын ерөнхий хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос Боловсролын багц хуулийн төсөлд санал авах цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа.

УИХ-ын даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий долоон ажлын хэсгийг байгуулсан.

Монгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төслийг өнгөрөгч 06 дугаар сарын 24-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг ахалж байна. Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2021.11.20/ Дорнод аймагт Боловсролын ерөнхий хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, А.Адьяасүрэн, Ц.Сэргэлэн болон Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн боловсролын салбарын багш, ажилтнуудын төлөөлөл оролцож, хуулийн төсөлд тусгах саналаа илэрхийлэв.

Боловсролын ерөнхий хуулийн төслийн хүрээнд хийгдэх чухал асуудал бол боловсролын чанарын үнэлгээ, багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, мөн цахим боловсрол буюу зайн сургалтыг бий болгох асуудлыг тусгажээ. Хуулийн амин сүнс бол багш бэлтгэх тогтолцоо. Өнөөдрийн байдлаар 40 сургуульд багш бэлтгэж байна.

Багш бэлтгэх тогтолцоог сайжруулж, багш ажлын байран дээр тасралтгүй суралцах боломжоор хангах нь чухал. Дэлхийн 138 улс 12 жилийн тогтолцоотой байна. Энэ тогтолцоог мэргэжлийн сургалттай уялдуулах шаардлагатай. Үүнээс гадна үр дүнд суурилсан, чанар дээр үндэслэсэн санхүүжилтийн тогтолцоог бий болгохоор хуулийн төсөлд тусгаад байгааг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг танилцуулав.

Тэрбээр, боловсролын эрх зүйн шинэчлэлээр Монгол хүний сурах, хөгжих тэгш эрх хангагдаж, суралцахуйгаас суралцахуйд шилжих шинэ зарчимд тулгуурлаж, мэдлэг-чадвар-хандлагыг төлөвшүүлэх үндсийг тавина. Шинэчлэлийн үр дүнд хүний хөгжлийн үзүүлэлт дээшилж, ядуурал ажилгүйдлийн түвшинг дорвитой бууруулна гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид боловсролын байгууллагад өмчийн хэлбэр үл харгалзан дэмжлэг үзүүлэх, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 3 настайгаас нь авах, ерөнхий боловсролын 12 жилийн тогтолцоог бүх нийтээр байх эсэх, боловсролын байгууллагын удирдлагын томилгоо, мэргэжлийн боловсрол болон дээд боловсролын сургалтын асуудал зэрэг олон асуудлаар нухацтай ярилцлаа.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: Бага анги болон байгалийн ухааны багш нарт туслах багш хэрэгцээтэй байдаг. Орон нутагт ажиллаж байгаа боловсролын салбарын багш, ажилтнуудад бүсийн нэмэгдэл, урамшуулал олговол алслагдсан сумдад хүний нөөцийн асуудал сайжирна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон политехникийн коллежуудыг бүсчилсэн хөгжлийн бодлогоор хөгжүүлэх төрийн бодлого дутагдаж байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарыг улс төрөөс ангид байлгахад албан тушаалын томилгооны асуудлыг зөв зохицуулах шаардлагатай.

“Шинэ хөгжил” цогцолбор сургуулийн багш н.Энхтуяа: Нэг ангид суралцах хүүхдийн тоо хэт их байгаагаас сургалтын чанарт муугаар нөлөөлдөг. Хүүхдийн тоонд тохируулж туслах багш ажиллуулах эсхүл тухайн багшид урамшуулал олгох асуудлыг хуулийн төсөлд тусгах саналтай байна. Тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг энд дурдах ёстой. Багш нарын тэтгэврийг сүүлийн 5 жилийн цалингийн дунджаар тооцож, 70-75 хувиар бодох цаг болсон. Одоо 45 хувиар бодож байгаа. Тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болгох саналтай байна. Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа үйлчилгээний болон аж ахуйн албан хаагчдын нийгмийн асуудал орхигдсоор ирснийг засах хэрэгтэй.

Дорнод аймгийн ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн багш н.Алтанцэцэг: Боловсролын салбарын удирдах албан тушаалтны томилгоог босоо тогтолцоотой байлгах нь зүйтэй. Сургуулийн хөтөлбөр, төлөвлөгөөг тогтвортой байлгахгүй бол багш нарт төдийгүй сурагчдын эрх ашгийг хохироож байгаа тал бий. Сурах бичгийн агуулгад анхаарч, сурах бичгийн чанарыг сайжруулахгүй бол хэдхэн жил ашиглаад хаягдаж байна. Түүнчлэн багшийн мэргэжлийг сурталчилж, ажиллах хүний нөөцийг бэлтгэх бодлого хэрэгтэй. Салбарын хөнгөлөлтийн системийг нэвтрүүлж, багшийн нэг хүүхдийг улсын сургуульд үнэ төлбөргүй суралцуулах асуудлыг хуулийн төсөлд тусгах тал дээр анхаарахыг хүсэж байна.

Хэнтий аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн багш н.Ариунаа: багш бэлтгэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа ч багшийн нийгмийн үнэлэмж хэт доогуур байгаагаас багшийн мэргэжлийг сонгохгүй байна. Багш нарын ачаалал харилцан адилгүй байгаа учраас хуулийн төсөлд долоо хоногт заах хичээлийн цагийг ялгамжтай тусгах талаар зохицуулалт оруулах хэрэгтэй.

Сүхбаатар аймгийн цэцэрлэгийн багш н.Эрдэнэцэцэг: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын ачаалал их, цалин маш бага байна. Үйлчилгээний ажилтнуудын цалин, урамшуулал үргэлж хасагддаг. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг ажиллуулах хэрэгтэй. Мөн ээлжийн бүлгийн багш нарын асуудал тулгамддаг. Хүүхдийн хоолны мөнгөний тодорхой хувийг эцэг, эх, асран хамгаалагчид даах хуулийн зохицуулалттай ч яг хэдэн хувийг хариуцах нь тодорхойгүй байна. Үүнийг боловсролын багц хуульд тодорхой хувьчилж оруулах саналтай байна.

Хэнтий аймгийн политехникийн коллежийн багш н.Дугарсүрэн: Боловсролын ерөнхий хуулийн төсөлд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон политехникийн коллежийн асуудлыг маш бага тусгасан байна. Мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулах багш нар хомстолтой байдаг. Гэтэл хуулийн төсөлд заавал магистраас дээш зэрэгтэй багш байх ёстой гэж заасан байгаа ч ажлын дадлага туршлагатай инженер, техникийн багш нарыг ажиллуулахад саад учруулж байна. Хуулийн төсөлд энэ асуудлыг уян хатан болгож, тухайн салбартаа ажилласан туршлагаар нь тооцож ажиллуулах талаар зохицуулалт оруулмаар байна.

УИХ-ын ажлын хэсгийн гишүүд хэлэлцүүлгийн үеэр гарсан саналуудыг нэгтгэж, ажлын хэсгийн хуралдаанаар танилцуулна. Боловсролын ерөнхий хуулийн төсөл нь Үндсэн хуулийн дараа орохуйц суурь хууль учраас нухацтай хандаж, хаврын чуулган хүртэл хуулийн төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийллээ.