2023.06.22

Д.Өнөрболор: Эх хэлнээс давсан гадаад хэл гэж байхгүй

УИХ-ын чуулганы /2023,06,22/-ны өдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:

Энэ хуулийг үргэлжлүүлээд явуулах ёстой гэсэн саналтай санал нэг байна. Гэхдээ энэ хуульд байнгын хорооны нэр томьёоллын 6 дугаар зүйлд “боловсрол эзэмших сургалтын хэл” дотор 6.6 боловсролын сургалтын байгууллагад үндсэн гадаад хэл нь Англи хэл байна гээд ороод ирсэн учраас зарчмын зөрчилдөөнүүд гарч байна.

Шинжлэх ухааны байгууллагууд орохгүйгээр боловсролын салбарт 2418 байгууллага байдаг аж. 106 мянга гаруй албан хаагчтай, 1,2 сая суралцагтай. Цар тахлын дараа дэлхийн эдийн засгийн форумын боловсролын 4.0 санаачилгыг гаргасан бодлогын зөвлөмжүүдээс харвал дэлхийн хөгжлийн явцад шинээр бий болж байгаа ур чадваруудыг эзэмшүүлэх нь чухал болоод байна.

Ерөнхий хуулийг уншихаар энэ тал руу чиглэсэн олон дэвшилтэт шинэчлэлүүдийг тусгасан байна. Дэлхийн чиг хандлагаар авч үзвэл боловсролын салбарт цоо шинэ ур чадварууд орж ирж байна. Энэ ойлголтыг нэвтрүүлэх, хөл нийлүүлж алхахад наад захын хэрэгцээ бол Англи хэл. Үүнд санал нэг буй. Нэн ялангуяа Англи хэл ач холбогдлоороо маш өндөр гэдэгтээ хэн ч маргахгүй байх.

Боловсролын тэгш байдлын гараа бол Англи хэл. Үүнтэй ч бас хүмүүс маргахгүй байх. Гэвч нөгөөтээгүүр бодох ёстой асуудал байна. Геополитикийн талаасаа ч тэр хоёр том гүрний дунд цөөхөн хүн амтай манай улсын хувьд энэ бол стратегийн ач холбогдолтой асуудал. Хуульд төрөлх эх хэл, үндэсний түүх утга зохиолын хичээлүүдээс гадаад хэлийг илүү өндөр түвшинд авч үзэх боломжгүй гэж би үзэж байна.

Монгол хүнийг дэлхийд бэлтгэх, төлөвшүүлэхэд эх хэлнээс давсан гадаад хэл гэж байхгүй. Хуульд орж ирсэн Монголын үндсэн гадаад хэл гэдэг нэр томьёоны утга учрыг ойлгохгүй байна.

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.