2021.06.29

Н.Наранбаатар: Боловсролын салбарын удирдлагын тогтолцоог хэрхэн томилох вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: 

  1. Хөдөө орон нутагт хүүхдийн сурах, хүмүүжих аюулгүй орчин чухал байдаг.Манай аймагт сургуулийн гадна талын үзүүртэй хашаанд хүүхэд тоглож байгаад эндэж байсан асуудал гарч байсан. Сургууль цэцэрлэгийн гадна талын аюулгүй байдлыг бүрдүүлэх ажлыг зөвхөн сумын болон дүүргийн засаг даргад үүрэг болгосон байна. Үүнд нэмж сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, аймгийн засаг дарга нар гадна талын аюулгүй байдлыг хангах хяналт тавих үүрэгтэй гэж бодож байгаа. Үүнийг нэмж оруулж болох уу? 
  2. Мөн сургууль, цэцэрлэгийн эрхлэгчийн томилгоог аймгийн засаг дарга томилдог байж байгаад өнгөрсөн жилээс сумын засаг дарга томилдог болсон. Үүнийг ойр ойр өөрчилмөөргүй байна. Орон нутгийн нэгжийн тухай хууль батлагдаад орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэн хэвтээ болгох чиглэл рүү чиглэгдсэн. Тийм учраас орон нутгийн удирдлага өөрсдөө сонгон шалгаруулаад гарсан хүмүүсийг томилж байвал зүгээр юм уу? 
  3. Хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчин хүний нөөц дутагдалтай байдаг. Тийм учраас орон нутагт очиж ажиллахад ямар давуу тал бий болох вэ? Багш нарын нийгмийн асуудал ялангуяа цэцэрлэгийн СӨБ-ийн багш нарын хөдөлмөр хүнд гэдгийг байнга ярьдаг. Энэ тал дээр ямар өөрчлөлт орж байгаа вэ? 
  4. Энэ чанаргүй олон их, дээд сургуулийг цөөлөх ямар арга хэмжээ авч байна вэ? 

Түүний асуултанд Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариулав.