АН-аас нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар сурталчилгаагаа албан ёсоор эхлүүллээ
УИХ-ын сонгуулийн 4-р тойрог, Булган аймагт МАН-аас нэр дэвшигч Жадамбын Бат-Эрдэнэ, Цогт-Очирын Анандбазар нар Булган аймгийн Булган сумын иргэдтэй хийх уулзалтаар сурталчилгаагаа албан ёсоор /2020.06.03/ эхлүүллээ.
Дэлхийн хэмжээний цар тахалтай холбогдуулан иргэд маскаа зүүж, гараа ариутган нэр дэвшигчдийн яриа, мөрийн хөтөлбөртэй танилцахаар иржээ. Нэр дэвшигчид Булган нутгийг хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх, үйлдвэр байгуулах, залууст соёлын үйлчилгээг хүртээх бодит мөрийн хөтөлбөр, намын захиастай ирсэнээ танилцууллаа.
Тухайлбал, Булган аймагт инженерийн хангамжтай 1000 айлын орон сууц барьж, түрээсийн болон бага дунд орлоготой иргэдэд олгох, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг зах зээлд нийцүүлэх зорилгоор 1100 тоннын хүчин чадалтай ноос угаах үйлдвэр, бетон зуурмагийн үйлдвэр барих мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.
Мөн "Шинэ хөдөө” хөтөлбөрийг эрчимжүүлэх талаар дурдлаа. Дээрх үйлдвэрүүд ашиглалтад орсноор ажиллах хүч нэмэгдэж, иргэд тогтвортой орлоготой болж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжинө хэмээн үзэж буй юм.
Булган-Хишиг-Өндөр, Гурванбулаг чиглэлийн авто замыг дуусгаж, Хутаг-Өндөр-Тэшиг-Бага Илэнх боомт чиглэлийн авто замын ажлыг эхлүүлэх юм байна. Мөн Дашинчилэн-Орхоны замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийг холбох 240 км хатуу хучилттай авто зам барих ажлыг дуусгах юм. Нэр дэвшигч Ц.Анандбазар, Ж.Бат-Эрдэнэ нар өнөөдөр /2020.06.04/ Булган аймгийн Гурванбулаг сумын иргэд, сонгогчидтой уулзах юм.