Б.Саранчимэг гишүүн улстөрчдийг нэгээр нь бус багаар нь дэмжихийг уриаллаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн МАН-ын сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаанд нийт 76 нэр дэвшигчдээс 40 гаруй нэр дэвшигч хүрэлцэн ирж ээлжит сонгуульд нэр дэвших эрхийн батламжаа гардан авлаа. Үлдсэн нэр дэвшигчид нутагтаа очиж сурталчилгааны нээлтээ нэгэн зэрэг эхлүүлсэн юм.
Уг арга хэмжээг нээж Монгол Улсын ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр 4 жилийн өмнө ерөнхий сайдад томилогдох үед Монгол Улсын эдийн засаг дэлхий нийтэд дампуурлаа зарлахад бэлэн,төр засаг тархай бутархай, шийдэх шаардлагатай олон асуудалтай нүүр тулах болсон тухайгаа дурдсан юм.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд гадаад, дотоодын таван их наяд төгрөгийн өр зээлийг дарж, эдийн засаг нийт 7.3 хувь болж өслөө. Мөн хамгийн гол нь агаарын бохирдлыг 50 хувь бууруулсан бодит ажлыг хэрэгжүүлсэн бол энэ жил “шахмал түлш”-ний хоёр дахь үйлдвэрийг ашиглалтад оруулснаар Улаанбаатарын утааг 70-80 хувь хүртэл бууруулах ажлыг төлөвлөөд байгаагаа хэлсэн юм.
Нэр дэвшигчийн батламжаа авсан Б.Саранчимэг гишүүний байр суурийг тодрууллаа.
MАН-ын 22-р тойргийн зүгээс “атгасан гар шиг” таван нэр дэвшигчдээ урин, иргэддээ “Хүчээ нэгтгэе” гэх үзэл бодол, мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар сонордууллаа. МАН-ын шалгуурын шүүлтээр орсон нэр дэвшигчидээ салбар салбарын сэхээтэн, өндөр боловсрол, арвин туршлагатай улстөрчид гэдгийг ахин сануулж улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцон, асуудал бэрхшээлийг хамтдаад авахаа мэдэгдлээ.
УИХ-ын сонгуулийн БЗД-ийн 22-р тойрогт нэр дэвшигч Б.Саранчимэг гишүүн болон Б.Энхбаяр нарын “Ухуулах байр”-аар ороход COVID-19 цар тахалтай холбоотойгоор СЕХ-оос мөрдлөг болгон өгсөн дүрэм журмыг ягштал баримтлан, иргэдийн суудал хоорондын зайг 1.5 м-ээр байрлуулан, орох гарах хэсэгт бөөгнөрөл үүсгэлгүйгээр иргэдийн биеийн халууныг шалган, маскгүй иргэдэд маск зүүлгэн, иргэний мэдээллийг бүртгэн авч байлаа.
Нэг намаас нэг тойрогт, нэр дэвшиж буй хоёр нэр дэвшигч харилцан талархал илэрхийлж шударга бөгөөд хүндлэлтэйгээр уг сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ. Б.Саранчимэг гишүүний дэвшүүлсэн санаагаар иргэд сонголтоо хийхдээ улстөрчдийг нэгээр нь бус “баг”-аар нь дэмжих ухагдахууныг иргэддээ тодотгон хэллээ.
Санал хүсэлтийг сонсоход иргэд цаг үеийн асуудал, амьдрал ахуйд нь тулгамдаж буй өдөр тутмын хүндрэл бэрхшээлийн талаар нээлттэй хэлж, гарц арга замыг тойргийнхоо нэр дэвшигчдийг бүрэн шийдэх сэтгэл болон чадвартай хэмээн үнэлдгээ илэрхийлсэн юм. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Б.Саранчимэг гишүүний хийсэн ажил, эхлүүлээд дуусаагүй байгаа төлөвлөгөөт хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн тухай өндөр сэтгэгдэлтэй байгаагаа иргэд хэллээ.