Булган аймаг 40 мянган га талбайгаас 56 мянган тонн Улаанбуудай хурааж авахаар төлөвлөж байна
2019.09.24

Булган аймаг 40 мянган га талбайгаас 56 мянган тонн Улаанбуудай хурааж авахаар төлөвлөж байна

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Булган аймагт ажиллалаа.

 

2019 онд улсын хэмжээгээр  нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Ургац хураалтын ажил орон даяар эхэлж өнөөдрийн байдлаар тариа хураалт 20 гаруй, хүнсний ногоо хураалт 40 гаруй хувьтай явагдаж байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Булган аймагт ажиллаж ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцсан юм. Булган аймгийн газрын нэгдмэл сангийн ангилалд 119788 га тариалангийн талбай бүртгэлтэй байдаг. Үүнээс 97254 га талбайг иргэн, аж ахуйн нэгж эзэмшиж, жилдээ 90119 га талбайг эргэлтэнд оруулснаар эзэмшиж буй тариалангийн талбайн ашиглалт 92.6 хувьтай байна.

Жил бүр 45.2-49.6 мянган га талбайд үр тарианы үйлдвэрлэлийг 100 аж ахуйн нэгж, 85 иргэн тогтвортой эрхэлж, нэгжээс аймгийн дунджаар 14-15 цн, төмс, хүнсний ногоог 511-540 өрх 471-500 га талбайд тариалж, төмс, хүнсний ногоо нэгжээс 110-120 цн хураан авч аймгийн хүн амын гурил, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны хэрэгцээг 20 орчим хувиар хангаж байна.

 

2019 оны хаврын тариалалтаар нийт 49619 га-д тариалалт хийснээс үр тариа 42960 га-д,  үүнээс улаанбуудай 39464 га, бусад үр тариа 1034 га,  ногоон тэжээл 1183 га-д, тосны ургамал 7466 га-д, төмс 353 га-д, хүнсний ногоо 118.7 га-д тариалжээ.

Булган аймгийн ХХААГ-ын дарга Ч.Амгалан, Тариалалтын чанарыг соёололтоор дүгнэж үзэхэд 91.2  хувь нь онцсайн, 8.8 хувь нь дунд үнэлэгдсэн. Энэ нь хаврын нөөц чийгийн хэмжээ сайн байснаас гадна 5-р сарын  эхэн ба 2-р арав хоногт нийт нутгаар 2-3 удаа хур тунадас орж, чийгийн хангамж нэмэгдсэнтэй холбоотой. Гэхдээ талбайн хөрсний нөөц чийг хангалттай хэдий ч өдөр шөнийн температурын зөрөө их, хүйтэн байсаны улмаас төмс, хүнсний ногооны тариалалт хожуу хийгдэж болц хойшилсон.

Энэ жилийн тариалалтын онцлог нь цаг уурын таатай нөхцлийг харгалзан 1000 гаруй га гуурстай талбайд тариалалт нэмж хийж, бордоо, ургамал хамгааллын бодисыг  ашигласан, Хангал, Сэлэнгэ, Баян-Агт, Бугат сумын 4 аж ахуйн нэгж ОХУ-ын  дэвшилтэт технологи /белый жемчуг/ ашиглан ургацыг 2-3 дахин нэмэгдүүлэх туршилтын тариалалтыг 500 га-д хийснээрээ онцлог. Мөн 4 сард Улсын тариаланчдын зөвлөгөөний дараа аймгийн тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулж, аймгийнхаа бүс нутагт тохирсон хаврын тариалалтын агро зөвлөмжийг бүх тариаланчдад хүргэж мэдээллээр хангасан явдал юм гэж тариалалтынхаа талаар танилцууллаа.

Булган аймгийн Засаг даргын орлогч О.Гантулга, Энэ зуны хур тунадас харилцан адилгүй орсоны улмаас Бүрэгхангай, Орхон, Хишиг-Өндөр, Рашаант, Дашинчилэн сумдын үр тарианы ургалт удааширч хөгжлийн үе шат харилцан адилгүй болцтой байна. Аймгийн Засаг дарга ХХААХҮ-ийн сайдтай байгуулсан гэрээгээр 54288 тн буудай, 1300 тн тэжээл, 4246 тн төмс, 1972 тн хүнсний ногоо хураан авахаар тусгагдсан. Ургацын урьдчилсан балансаар нэгж талбайгаас 14.1 цн буюу нийт 55,0 орчим мянган тн ургац авахаар тогтоосон байна. 

Ургац хураалтанд 138 комбайн, 66 ангилангийн жатка, 10 механикжсан үтрэм, 49 будаа цэвэрлэгч, 26 үр сортлогч, 36 будаа ачигч ажиллах ба техник засварын ажил хугацаандаа хийгдсэн.2019.08.17-нд Сэлэнгэ сумын Цүүц, Хангал сумын Цагаан тавилан гэдэг газар хүчтэй аадар бороо, мөндөр орж Сэлэнгэ сумын улаанбуудайн 369 га, ногоон тэжээлийн 50 га, овъёосны 80 га, рапсны 455 га, Хангал сумын улаанбуудайн 121 га талбай, Хишиг-Өндөр сумын 300 га улаанбуудайн талбай тус тус өртөж 80-100 хувь ургац алдаад байна. Урьдчилсан блансаар тус талбайн улаанбуудайн ургац дундажаар 980 тн гэж тогтоосон байсан.

Ирэх жил тариалалт хийх 40500 га талбайд  уриншийн үндсэн боловсруулалтыг хийж дуусгасан. ТЭДС-аас уриншинд зориулан 285 мянган тн шатахуун болон ургамал хамгааллын бодисын дэмжлэгийг үзүүлсэн.

 

Хураан авах ургацыг хаягдалгүй цаг агаарын нөхцөлтэй уялдуулан богино хугацаанд хураан авах талаар Засгийн газрын 285-р тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 05 тоот албан даалгавар гарч, сумдууд болон холбогдох албан байгууллага, агентлагуудад тодорхой үүрэг чиглэл өгч ажиллаж байна.

2019.09.19-ны өдрийн байдлаар улаанбуудай 5967 га-гаас 7622 тн ургац хураан авч нэгжээс 12.8 цн буюу 15.2 хувь, бусад үр тариа 8 га-гаас 38.5 тн ургац хураан авч нэгжээс 48.1 цн, малын тэжээлийн ургамал 597 га-гаас 909 тн ургац хураан авч нэгжээс 15 цн, төмс 185 га-гаас 1189 тн ургац хураан авч нэгжээс 64.2 цн буюу 52.4 хувь, хүнсний ногоо 81.7 га-гаас 290 тн ургац хураан авч нэгжээс 35.5 цн буюу 68.8 хувийн тус тус гүйцэтгэлтэй явагдаж байна гэв. Цаг агаарын нөхцөл байдал таатай байвал одоогоор Булган аймаг 40 мянган га талбайгаас 56 мянган тонн Улаанбуудай хурааж авахаар төлөвлөж байгаа юм байна.