2020.05.08
Б.Баттөмөр: Ижил гараанаас гарсан зарим улсуудтай харьцуулахад манай улс хөгжлөөрөө хол хоцорч байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.08\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлт хэр зэрэг алдаагаа засч, судалгаанд үндэслэсэн өөрчлөлт вэ. Засгийн газрын тухай хууль батлагдаад 27 жил болж байгаа, 69 удаа өөрчлөлт оруулж байжээ. Ижил гараанаас гарсан зарим улс орнуудтай харьцуулахад манай улс хөгжлөөрөө хол хоцорч байна. Ер нь цаашид бид Засгийн газрын тухай хуулийг судалж, нягталж хийх байсан болов уу. Эрдэмтэн судлаачид туршлага дээрээ үндэслэн хуучин хуулиасаа хэр сайжирсан гэж үзэж байгаа вэ.
Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт хариуллаа.
Үндсэн хуулийг өөрчлөх нэг шалтгаан гүйцэтгэх засаглалыг сайжруулж, эрх мэдлийг нь нэмэгдүүлэх агуулгаар баталсан. Сүүлийн 28 жилийн хугацаанд хоёр л Засгийн газар бүрэн ажиллаж бусад нь огцорсон нь төрийн тогтворгүй байдал руу явуулсан. УИХ-ын гишүүдийн эрхийг хязгаарласан, төсөв санхүүд дураараа оролцохыг багасгасан зэрэг өөрчлөлтүүд нь гүйцэтгэх засаглалыг тогтвортой ажиллуулах боломжийг бүрдүүлсэн. Энэ мэт Засгийн газраа тогтвортой ажиллуулахыг бодолцож, Засгийн газар хуулиа боловсруулж оруулж ирсэн.