Үйлдвэр, Хөдөө аж ахуй яам хэмээн хуучин нэрээр нь нэрлэхээр болов
УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж Ерөнхий сайдын өргөн барьсан Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэн баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батцогт, Д.Эрдэнэбат нарын гаргасан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгаа хүнд үйлдвэрлэлийн салбарын асуудлыг Уул уурхай, Эрчим хүчний яаманд хариуцуулах гэсэн санал, Шадар сайд хүрээнд харьяалагдаж байгаа чөлөөт бүсийн эрхлэх асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд авчрах зэрэг саналууд байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэгийг хүлээлээ.
Ингээд тус яамыг Үйлдвэр, хөдөө аж ахуй яам хэмээн нэрлэхээр баталлаа.
УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: Дахиад нэг сайдын асуудал хөндөгдөх нь
-ҮХААЯ-ыг салгаж байгаа юм байна. Дэд бүтцийн яамыг Зам, тээврийн яам болгож байгаа юм байна. Яагаад өөрчлөгдөөд байгаа юм бэ. Ерөнхий сайдын өргөн барьсан төсөл дээр зургаан сайдын асуудал хөндөгдсөн. Одоо дахиад нэг сайдын асуудал хөндөгдөх нь. Энэ нь Засгийн газарт нөлөөлөх үү”
Байнгын хорооны дарга А.Бакей хариулав
“Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэх үед дэд бүтцийн чиглэлийн яамдыг нэгтгээд Уул уурхай, эрчим хүчний яаманд байвал дэд бүтэц хөгжинө, ҮХААЯ- нд дотоод худалдаа байх нь зүйтэй гэдэг асуудал дэмжигдсэн. Төслөөр Дэд бүтцийн хөгжлийн яам гэж орж ирсэн. Энэ өөрчлөлт нь Засгийн газрын 50 хувьд хамаарахгүй учир бүтцэд нөлөөлөхгүй”
Я.Содбаатар: Эхнээс энэ цаг нөхцөөсөн, суудалдаа үлдэх гэсэн санаа байна
Ажлынхаа чиглэлийг харах юм бол Хүнс, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуйн яам болгож нэрлээд явах нь зүйтэй. Байнгын хорооны хуралдаан дээр 11 санал гарсан байна. Ерөнхий сайд хуулийн төсөл өргөн барихдаа тооцоо судалгаа хийгээгүй, олон зүйлийг бодож төсөл боловсруулаагүй гэдэг нь харагдаж байна. Эхнээс энэ цаг нөхцөөсөн, суудалдаа үлдэх гэсэн санаа байна.
Ч.Болорчулуун: Нэршлийн хувьд санал байна
Үйлдвэрлэлийг хүнд, хөнгөн гэж хоёр хувааж. Хүнд нь уул уурхай, эрчим хүчний яам руу, хөнгөн нь хөдөө аж ахуйн яамдаа хамаарч. 30-аад жилийн өмнө бол ХАА, Хөнгөн, Хүнсний үйлдвэрлэлийн яам гэж байсан. Ингэж нэрлэвэл зохимжтой юм. Харин уул уурхай, эрчим хүч, Хүнд үйлдвэрлэлийн яам гэж биш үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний яам гэж товчхон нэрлэвэл нэршлийн хувьд санал байна.