2020.05.08
Л.Мөнхбаатар: Ерөнхий сайд чөлөөлөгдвөл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ чөлөөлөгдөх үндэслэл болох уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.08\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар
МУ-ын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 21 дүгээр зүйлд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний бүрэн эрх түүний хугацаатай холбоотой асуудлыг зохицуулсан байгаа. Хууль бол тохиолдол бүрийг тооцож хийж байх ёстой гэдэг агуулгаар нь нэг зүйлийг тодруулж асууя.
Хуулийн төслийн 21 дүгээр зүйлд Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээ огцорно гэсэн заалт байгаа. Тэгвэл, Ерөнхий сайд чөлөөлөгдвөл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ чөлөөлөгдөх үндэслэл болох уу? Чөлөөлөгдсөн Ерөнхий сайд өөрийн бүрдүүлсэн багтай ажиллаж байсан, шинээр томилогдох Ерөнхий сайд яах вэ? Өөрөөр хэлбэл огцрохоос бусад шалтгаанаар Ерөнхий сайдын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болбол тухайн Засгийн газрын бүрэлдэхүүн хэвээр үлдэх үү, эсхүл бүрэн эрх нь дуусгавар болох уу?
Ойлгомжтой юм шиг хирнээ яг ийм асуудал ҮХЦ дээр маргаан үүсдэг. Тийм учраас ийм зүйлийг тодруулж асууж байгаа нь хууль тогтоогч энэ асуудлыг хэрхэн ойлгож байгаагаа хуралдааны тэмдэглэлд үлдээх ёстой гэдэг агуулгаар нь асууж байгаа юм.
Ажлын хэсэг:
Засгийн газраас өргөн барьсан тухай хуулийн төслийн 21 дүгээр зүйл Ерөнхий сайдыг томилсноор Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа эхэлж, дуусгавар болно гэж байгаа. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон тохиолдолд тухайн Засгийн газрын гишүүн нь дахин томилогдох зохицуулалтыг нэмж, дэмжигдсэн байгаа.