Ингээд тус яамыг Үйлдвэр, хөдөө аж ахуй яам хэмээн нэрлэхээр баталлаа.
2014.10.08

Ж.Энхбаяр: Эдийн засаг, гадаад бодлого хоёр тусдаа байх ёстой

Нэр бүхий гишүүдээс Шадар сайд нь Гадаад харилцааны яамыг давхар хариуцах тухай саналд өөрчлөлт оруулах санал гаргасан бөгөөд Гадаад харилцааны яамны нэрийг "Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны  яам" болгон өөрчлөх байсан юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей энэ талаар "Монгол Улсын Шадар сайд бөгөөд Гадаад харилцааны сайд гэсэн томъёоллоор оруулж ирсэн.  Үүнийг нэр бүхий гишүүдийн саналаар Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд гэдэг нэр томъёоллоор оруулахыг байнгын хороо дэмжсэн. Европын зарим орнуудад Гадаад харилцааны сайд нар нь эдийн засгаа давхар авч явдаг хууль түгээмэл байдаг юм билээ. Бүтцийн шинэ өөрчлөлтөөр гадаад харилцааны салбарт эдийн засгийн чиг үүрэг тодорхой хэмжээгээр орж байгаа. Гадаад харилцааг эдийн засагжуулах санал тавигдаж байгаа. Ингэснээр ямар нэг хөрөнгө зардал шаардагдахгүй. Нэр нь л өөрчлөгдөж байгаа юм” гэсэн юм.

Ж.Энхбаяр: Монгол Улсын гадаад бодлогын асуудлыг эдийн засгийн асуудлаас тусад нь авч үзэх шаардлагатай байдаг

Энэ үеэр Ж.Энхбаяр гишүүн "Гадаад яамны шинэ бүтцийн асуудлыг хоёр гуравхан гишүүний саналаар байнгын хороогоор 30 минут хэлэлцээд үндсээр нь өөрчлөөд оруулаад ирлээ. Эдийн засгийн агуулгаа түлхүү тавьжээ. Улс орны язгуур эрх ашгийг илэрхийлэх бодлогыг нь гадаад эдийн засаг тал руугаа түлхүү оруулжээ.

Монгол Улсын гадаад бодлогын асуудлыг эдийн засгийн асуудлаас тусад нь авч үзэх шаардлагатай байдаг. Төрийн гадаад бодлогын асуудлыг эдийн засгаас тусад нь авч үзэх ёстой.

Эдийн засаг нь гаднын хараат болчих гээд байна. Мөнгө олж байх нь Гадаад харилцааны яамны үүрэг болох нь ээ. Хөрөнгө оруулалт татаж л байвал Гадаад харилцааны асуудал гэж ойлгож байна. Үүний цаана улс төрийн фракц хоорондын тэмцэл байдаг л байх. Гэхдээ Монгол төрийн гадаад бодлогын асуудлыг ингэж хутгаж болохгүй. Хэт улс төрийн өнцөгтэй шийдвэр, фракцын бялуу хуваах асуудалд хандуулсан нь харамсалтай" гэв.