ССАЖ-ын яамны чиг үүргийг бусад яамдад шилжүүлэх МАН-ын санал дэмжигдсэнгүй
Өчигдөр хуралдсан УИХ-ын нэгдсэн хуралдаанаар засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр МАН-ын бүлгийн гишүүдийн гаргасан Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг татан буулгах, соёлын асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яамд, спортын асуудлыг Эрүүл мэнд яамд аялал жуулчлалын асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамд шилжүүлэх санал гаргасан юм.
Энэ саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.
Харин УИХ-ын нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэнгүй. Ингэснээр Соёл спорт, аялал жуулчлалын яамтай байхаар батлагдав.
Б.Бат-Эрдэнэ: Ялангуяа спортыхон асар их шүүмжлэлтэй байгаа
“ССАЖЯ-ыг салгаж, эрхлэх асуудлыг бусад яамдад хуваарилсныг дэмжиж байна. Хоорондоо уялдаа, холбоо муутай э.нэ салбаруудыг нэгтгэж яам байгуулсан нь буруу байсан гэдгийг салбарынхан хэлж байгаа. Ялангуяа спортыхон асар их шүүмжлэлтэй байгаа. Энэ яам байгуулагдсанаараа их спорт бүхэлдээ орхигдсон. Ажлын уялдаа алдагдсан. Спортын салбар өмнө нь Эрүүл мэндийн яамны харъяанд байсан”
Ж.Энхбаяр: Яам төсөв муутайгаас бие даан ажиллахад хэцүү байна
Бид энэ яамыг татан буулгаж байгаа зүйл биш. Харин энэ яамд дутагдаад байгаа асуудлыг ярьж байна. Ялангуяа Соёл,Спорт, аялал жуулчлалын асуудлыг хариуцах яамгүй болгож байгаа биш, харин хариуцаж байсан яамд нь шилжүүлэх санал гаргасан юм. Хуучин Үндэсний спортын хороо, Соёл урлагийн хороо гэж байсан. Харин одоо энэ байгууллагыг татан буулгаснаар мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөө дутагдаж байна. Мөн одоогийн яам төсөв муутайгаас бие даан ажиллахад хэцүү байна. Нэг жишээ хэлэхэд саяхан болсон Азийн наадамд манай тамирчид хувийн зардлаараа, харин сайд нь төрийн зардлаар оролцсон байна. Тиймээс төсөв сайтай яамд шилжүүлэх өгөх нь зүйтэй.
О.Баасанхүү: Учир нь энэ яам зайлшгүй байх ёстой.
Энэ яамыг татан буулгах саналыг дэмжихгүй байна. Энэ яамны харъяанд байгаа салбаруудын бодлогыг тодорхойлдог яам байх ёстой. Харин түүнийг удирдаж байгаа хүн нь болохгүй байгаа бол солиод явъя л даа. Хувь хувь хүнээс илүү бодлого нь чухал. МАН-ын бүлэгт спортын салбарын гишүүд олон бий. Яагаад энэ чиглэлийн яамыг дэмжихгүй байна вэ? Би ч бас хуульч хүн болохоор хууль зүйн яамыг татан буугдаасай гэж боддог.Яагаад гэвэл болохгүй зүйл зөндөө байна шүү дээ. Гэхдээ миний хүслээр болдоггүй. Учир нь энэ яам зайлшгүй байх ёстой. Түүнтэй яг адил.
Л.Болд: Харин цаана нь Соёл, аялал жуулчлалын яам нэрээр энэ яам үлдэх ёстой
Энэ нэрээр нь татан буулгахыг дэмжиж байна. Яагаад гэвэл Спортыг Ерөнхий сайдын дэргэд агентлаг байгуулаад авчиж болох уу гэдгийг Байнгын хороо дээр яриад үзэх хэрэгтэй. Харин цаана нь Соёл, аялал жуулчлалын яам нэрээр энэ яам үлдэх ёстой. Өмнө нь манайхан хоёр хөрштэйгөө эвтэй болоод ирэнгүүт Батлан хамгаалах яамыгаа татан буулгаж байсан түүхтэй. Уугуул хүмүүстэй улсуудад соёлын яам байх ёстой.