Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав. Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.27) өргөн барилаа.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Австрали, Канад, БНСУ, Гүрж, Сингапур болон бусад өндөр хөгжилтэй улсуудын “төрийн аудит”-тай холбогдсон хууль тогтоомж, олон улсын стандарт, туршлагыг судалж Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Уг хуулийн төсөл нь 6 бүлэг 44 зүйл, 108 хэсгээс бүрдсэн байна. Тухайлбал, Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, эрх зүйн орчин, олон улсын нийтлэг стандартыг баримтлах, ил тод нээлттэй байх, үр дүнтэй, ашигтай аудит хийх, шинжлэх ухааны ололт, орчин үеийн мэдээллийн технологийн арга, хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн төрийн аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгахын зэрэгцээ шалгагдагч байгууллагын үүрэг, хүлээх хариуцлагын нарийвчлан тодорхойлжээ.
Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар төрийн санхүү, төвсийн хяналтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжихийн зэрэгцээ шалгагдагч этгээд болон төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.
Монгол Улсын Их Хурал 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн аудтын тухай хуулийг анх баталснаас хойш өнгөрсөн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагджээ.