Г.Батхүү хуулийн төслүүд өргөн мэдүүлэв
УИХ-ын гишүүн Г.Батхүү хуулийн төсөл өргөн барив
2014.06.27

Г.Батхүү хуулийн төслүүд өргөн мэдүүлэв

УИХ-ын гишүүн Г.Батхүү нарын гишүүд боловсруулсан хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Хуулиар зохицуулах гол асуудал нь аудитын байгууллагыг босоо бүтэцтэй болгож, мэргэшсэн хүчирхэг институцыг төлөвшүүлэхэд чиглэж буй. Улмаар УИХ-аас Ерөнхий аудиторыг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилладаг бүтэцтэй болох юм.

Өнөөдөр орон нутагт аудитын байгууллага мэргэшиж ажиллахад хүчин чадал бага, хүн цөөтэй байдаг. Мөн орон нутгийнхаа удирдлагуудаар төсвөө батлуулж, хийх ажлын чиглэл авч хараат ажиллаж байгаа нь өнөөдрийн шаардлагад нийцэхгүй байгаа юм. Гэтэл сүүлийн жилүүдэд Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан гэхчилэн орон нутгийн удирдлагууд өөрсдөө мэдэж шийдвэрлэх хөрөнгө оруулалт өссөн. Энэ нь орон нутгийн төсвийн эрх мэдэл нэмэгдсэн гэсэн үг. Харин аудитын байгууллагын үйл ажиллагаа сайжрахгүй бол тэрхүү төсвийн зарцуулалт, үйл явцад хяналт тавьж чадахгүй.

Тиймээс Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах цаг үеийн шаардлага тулгарсныг төсөл санаачлагч хэлж байлаа. Мөн хуульд өөрчлөлт оруулснаар аудиторууд зөвхөн төсөв, хөрөнгөд хяналт тавих биш УИХ-аас баталсан хууль тогтоол, байнгын хороод, бусад УИХ-ын бүтцийн байгууллагын шийдвэрүүдийн хэрэгжилтэд хяналт тавьдаг болох юм. Гол нь аудитын байгууллага босоо бүтэцтэй болсноор Ерөнхий аудитороос хийх ажлынхаа чиглэлийг авч, ажлаа төв байгууллагадаа тайлагнадаг болно.

Түүнчлэн орон нутгийн аудиторууд нэг дор удаан ажиллахаар ашиг сонирхлын зөрчил бий болдог талтай. Тиймээс үүнээс сэргийлж аудиторын байгууллагуудад төв байгууллагаас тодорхой хугацаатай сэлгэн ажиллуулах нөхцөл бүрдүүлэх гэнэ.