Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг хэлэлцлээ
2020.04.24

Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.24\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүнээс  2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Байнгын хорооны санал дүгнэлтийг  УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн   танилцууллаа. 

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны  энэ сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн  Г.Тэмүүлэнгээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, О.Батнасан, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Д.Тогтохсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулжээ. Ажлын хэсэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж, зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллууд гаргасныг Төсвийн байнгын хороо энэ сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж байр сууриа илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нарын асуултад Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн, хууль санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан нар хариулт, нэмэлт тайлбар өгсөн юм.

Ингээд ажлын хэсэг болон гишүүдээс Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй 22 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийг “Гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагын гүйцэтгэх ажилд зориулсан улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтад Монгол Улсын Ерөнхий аудиторын санал болгосноор Улсын Их Хурлын даргаас итгэмжилсэн аудитор аудит хийнэ. Уг аудитыг гүйцэтгэх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална." гэж өөрчлөн найруулахаар тогтов.

Мөн төслийн 15 дугаар зүйлд "Энэ хуулийн 13.2-т заасан системийн мэдээллийн санг бүрдүүлэх зорилгоор төрийн бусад байгууллагын цахим систем болон цахим хэлбэрээр бүрдүүлсэн мэдээллийн сангаас аудитад шаардлагатай мэдээллийг гаргуулах” гэсэн агуулгатай 15.1.6 дахь хэсэг, төслийн 17 дугаар зүйлд “Шинжээчийг ажиллуулах зардал нь төрийн аудитын байгууллагын тухайн жилийн төсвийн урсгал зардлын 20 хувиас хэтрэхгүй байна." гэсэн агуулгатай 17.7 дахь хэсгийг тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Мөн төслийн 33 дугаар зүйлд "33.5.Монгол Улсын Ерөнхий аудитор нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын өрийн тайлан, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон жилийн төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Улсын Их Хуралд хүргүүлнэ”, төслийн 33 дугаар зүйлд “ЗЗ.6.Монгол Улсын Ерөнхий аудитор энэ хуулийн 11,12 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэсэн аудитын тайланг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ”, төслийн 42 дугаар зүйлд “42.5.Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль топгоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэсэн агуулгатай хэсгийг тус тус нэмэхээр болов.

Харин ажлын хэсгийн саналаар төслийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсгийг нэгтгэн "Монгол Улсын Ерөнхий аудиторыг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол холбогдох албан тушаалтан энэ тухай Улсын Их Хурлын даргад хорин дөрвөн цагийн дотор мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд түүнийг албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, болон шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан өрөө, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.” гэсэн агуулгатай 38.3 дахь хэсэг болгон өөрчлөн найруулахыг дэмжлээ.

Түүнчлэн төслийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороогоор хянагдсан төрийн аудитын байгууллагын төсвийн төслийн эцсийн хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасны дагуу хүргүүлнэ” гэж өөрчлөн найруулах, 42 дугаар зүйлд “Төрийн аудитын байгууллагын албан хаагч төрийн аудитын нийтлэг стандарт, ёс зүйн дүрмийг зөрчсөн, хуульд заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ” гэсэн агуулгатай 42.5 дахь хэсгийг нэмэхээр болов.

Уг хуулийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ажлын хэсгийн санал дэмжигдлээ. Түүнчлэн төслийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор төслийн эшлэл, дугаарлалт, нэр томьёог жигдэлж, хууль зүйн техникийн шинжтэй өөрчлөлтийг тусгахаар тогтов. Ингээд хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар төрийн санхүү, төвсийн хяналтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжихийн зэрэгцээ шалгагдагч этгээд болон төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Улсын Их Хурлаас 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн аудтын тухай хуулийг анх баталснаас хойших хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.