Хууль санаачлагчид Аудитын газрынхныг хүлээн авч уулзлаа
УИХ-ын гишүүн Г.Батхүү, Р.Гончигдорж нар Ерөнхий аудитор А.Зангад тэргүүтэй Аудитын газрынхныг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар ярилцсан юм.
Төрийн аудитын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, Р.Гончигдорж, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн нар санаачилжээ. Хуульд нийт 26 нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан байна. Тухайлбал, төрийн аудитын байгууллагуудыг “босоо тогтолцоо”-нд шилжүүлэх, орон нутаг дахь аудитын байгууллагуудыг орон нутгийн төсөв, Засаг дарга нараас хамааралгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлжээ. Мөн улс орон, төр, олон нийтийн эрх ашиг, хэрэгцээ шаардлагыг үндэслэн аудит хийх сэдвийг сонгож аудит хийх бодлогыг УИХ хэлэлцэж гаргадаг байх нэмэлт өөрчлөлтийг тусгажээ.
Товчхондоо, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг хангах, төрийн аудитыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах хууль эрх зүйн орчин шаардлагатай байна хэмээн төсөл санаачлагчид үзэж буй юм. Эл хуулийн төслийг баталснаар төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаа шинэ шатанд гарч, хараат бус ажиллах, төсвийн хөрөнгийн зарцуулалтад тавих хяналт сайжирч, хууль бус үйлдлээс сэргийлэх зэрэг олон үр дүн гарах аж.