Б.Баттөмөр: Ашигт малтмал экспортлохдоо нэг цонх-нэг үнэ гэсэн зарчим баримтлах ёстой
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
2017.04.07

Б.Баттөмөр: Ашигт малтмал экспортлохдоо нэг цонх-нэг үнэ гэсэн зарчим баримтлах ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр эдийн засгийн төлөв байдлыг өөдрөгөөр төсөөлж байгаагаа хэллээ.   

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр төсвийн алдагдлыг ДНБ-ий 10,6 хувьтай тэнцүү байхаар баталж болохгүй гэсэн шийдвэрт хүрсэн. Эдийн засгийн өсөлт 0,2 хувь байж болохгүй. Нэгэнт татвар нэмэх гэж байгаа бол зарлага нэмэх боломжгүй. Тэр дундаа урсгал зардлыг нэмж огт болохгүй гэдэг дээр санал нэгдсэн гэж ойлгож байна.

Төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг УИХ, Засгийн газар, Сангийн яам хамтран эрэлхийлэх хэрэгтэй. Миний харж байгаагаар маш олон боломж бий.

Ашигт малтмал дэлхийн зах зээл дээр экспортлохдоо нэг цонх-нэг үнэ гэсэн зарчим баримтлах ёстой. Монгол Улсаас экспортолсон нүүрсний хэмжээг орж ирсэн орлоготой нь харьцуулахад маш өчүүхэн тоо гарч байна. Сангийн яам Монгол Улсаа томоор нь хараач гэж хүсье.

Бид дэлхийн зах зээл дээр ямар ямар ашигт малтмал гаргаж байгаа вэ? Төмрийн хүдэр, зэс, нүүрс гаргаж байна гэдэг. Гэтэл тэр ашигт малтмалд ямар элемент агуулагдаж байгааг судалж үзсэн үү? Газрын ховор элемент их бий шүү дээ. Монгол Улс ашигт малтмалын чиглэлийн маш том лабораторитай болох хэрэгтэй. Олон улсын хараат бус лабораториудтай хамтарч ажиллах хэрэгтэй.

Цаашлаад хүн бүрийг ажилтай, орлоготой болгосон тохиолдолд татварын орлого бүрдүүлэлтэд асуудалгүй болно. Миний хувьд энэ жилийн төсвийн орлогыг их өөдрөгөөр харж байгаа. Намар дахин төсвийн тодотгол хийхийг үгүйсгэхгүй.

Төсвийн зарлагын реформ хийх ёстой. Нийт 8,8 их наяд төгрөгийн зарлага гаргахаас 6,7 их наяд нь урсгал зардал байна. Урсгал зардлын бүтцийг харахад ихэнх нь сургууль, цэцэрлэгийн зардал байна. Нийгмийн салбарын хувьчлалын асуудлыг ярих цаг болсон.

Ойрын 10 жилдээ барих-шилжүүлэх гэсэн концессийн гэрээ хийх ёсгүй. Харин барих-ашиглах-шилжүүлэх гэсэн хэлбэрийн концесс байж болно гэж бодож байна. Аливаа хөрөнгө оруулалт нь ажлын үр дүнг л санхүүжүүлдэг систем рүү шилжих ёстой.