Д.Сумъяабазар: Төсвийн орлого, тэнцлийг сайжруулахын төлөө ажиллах ёстой гэсэн санал гарлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хуулийн төслүүдийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дараах санал дүгнэлтийг гаргалаа.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд Төсвийн тогтворжуулалтын сантай холбоотой нэг ижил асуудлыг тусгасан тул хамтад нь багцлан хэлэлцэх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн тэрээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдэд тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нэг ижил асуудал тусгасан тул хамтад нь багцлан хэлэлцэх санал гаргасныг байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх дэмжлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалын талаар хууль санаачлагчаас ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогын хэд хэдэн шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаатай уялдуулан дунд хугацааны макро эдийн засгийн тооцоолол, төсвийн зарлага, орлогын төсөөлөл зэрэг үндсэн үзүүлэлт өөрчлөгдөхөөр байгаа нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэж үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан төсвийн хүрээний мэдэгдэлд заасан төсвийн орлого, зарлага, тэнцэлтэй холбоотой төсвийн үр дүнгийн үзүүлэлтийг сайжруулдаггүй юм гэхэд батлагдсан түвшинд нь хэвээр үлдээх хэрэгтэй. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ өссөн, өрийн дарамт багассан байхад эдийн засгийг унагаахаар тооцож оруулж ирсэн нь буруу. Хэлэлцүүлгийн явцад төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг сайжруулах чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй гэсэн саналуудыг гаргасан.
Байнгын хорооны гишүүд уг хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.