Д.Тэрбишдагва: Шинэ хууль гаргаж, зардлаа нэмэх нь хэр оновчтой вэ?
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.10.25

Д.Тэрбишдагва: Шинэ хууль гаргаж, зардлаа нэмэх нь хэр оновчтой вэ?

Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хуулийн төслүүдийг дагалдан гарах шинэ хуулийн төслүүд болоод зардал танаж, орлого нэмэх Засгийн газрын барьж буй бодлогын талаар асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"Өргөн мэдүүлсэн хуулиудаас харж байхад тодорхой зардлууд нэмэгдэж байна. Жишээлбэл, Соёл урлагийг дэмжих сангийн тухай хуулиар 3 тэрбум төгрөг, Спортыг дэмжих сангийн тухай хуулиар 3 тэрбум, Эрүүл мэндийг дэмжих сангийн тухай хуулиар 3 тэрбум төгрөг гээд хууль гаргаж, зардал нэмээд байна. Мөнгөн дүн нь их биш боловч ингэж болж байгаа юм уу?

Сангийн яамнаас оруулж ирж буй Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн зарлагыг боломжийн хэмжээнд танасан байна. Гэхдээ шинэ хууль гаргаж, зардал нэмэх нь хэр оновчтой вэ? Хоёр ялгаатай зүйл оруулж ирээд байх шиг санагдаж байна.

Нэг үгээр бол зарлагаа таная, орлогоо нэмье гэсэн агуулга л яваад байгаа шүү дээ. Гэтэл үе үеийн Засгийн газар дамжиж ирсэн 2,9 их наядын төгрөгийн авлагаас сайн шахах юм бол миний ажигласнаар 400-гаад тэрбум төгрөг авах боломжтой.

Засгийн газар, Сангийн яам бол 160-аад тэрбум төгрөг авах боломжтой гэж үзээд байна л даа. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын зээл тусламжийг луйврын аргаар идэж, ууж байсныг сайтар шалгуулж, олж чадвал ядаж 2,9 их наядын 10 хувь болох 300 орчим тэрбум төгрөг гараад ирэх боломжтой гэж үзэж байна. 

Энэ мэтчилэн орлого нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой алхам хийж, тэр мөнгөөрөө ахмадуудад олгох тэтгэмжийн асуудлыг бүрэн шийдэх боломжтой болж байгаа юм. Хүүхдийн мөнгийг ч олгох боломжтой юм шиг харагдаад байна.

Төсвийн төслийг хэлэлцэхээр яаж зарлагадах вэ гэдгээ ярина л даа. Зарлагаа багасгаж, орлогоо нэмэх замаар гарцаагүй санхүүжүүлэх шаардлагатай зүйлсдээ хөрөнгө оруулж болохгүй юм уу гэсэн санал байна.

Нөгөө талаар "Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай" хууль байна. Уул нь Тэтгэврийн нэрийн дансны тухай хууль гаргасан. Хэрэгжих хугацааг 2019 он болгосноор 2020 он гэхэд тэтгэврээ тавих ямар ч нөөц байхгүй болно. Тухайн үед тэтгэвэрт гарсан хүмүүсийг санхүүжүүлэх боломжгүй болно. Тиймээс Тэтгэврийн сан байгуулах тал дээр ямар бодолтой байгаа вэ?"

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

"Соёл урлаг, спорт, эрүүл мэндийг дэмжих сан тус бүрт 3 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Энэ бол Засгийн газрын хөтөлбөрт тусгасан дэмжлэг. Эдгээр санд 3 тэрбум төгрөгөөс дээш төгрөгийн санхүүжилт хэрэгтэй боловч Сангийн яаман дээр энэ асуудлыг хянаж үзээд төсөв хүндрэлтэй байгаа боловч 3, 3 тэрбум төгрөгөөр эдгээр сангийн ажлыг эхлүүлье гэсэн шийдэлд хүрсэн.

Үе үеийн Засгийн газрын үед дамжуулан зээлэх байдлаар 2,9 их наяд төгрөгийн авлага үүссэн. Энэ авлагыг авахад хүндрэлтэй байгаа. Мэдээж бид нар энэ мөнгийг орхихгүй хөөцөлдөнө. Гэхдээ төсвийн орлого тал дээр тавьчихаар авлагатай ихэнх компани дампуурсан, эзэн холбогдогч нь тодорхойгүй болчихсон байгаа учраас энэ асуудалд болгоомжтой хандаж байна. Нийт авлагын талаар танилцуулга танд явуулсан. Та саналаа хэлээрэй.

Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль нь ипотекийн 8 хувийг санхүүжүүлэх зорилготойгоор өмнөх УИХ, Засгийн газрын үед батлагдсан. 2019 он хүртэл "Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай" хуульд орлого бүрдүүлэх бололцоогүй учраас 2019 оны 1 дүгээр сарын 1 хүртэл түр хугацаагаар хэрэгжих хугацааг хойшлуулсан.

Тэтгэврийн сангийн тухайд хоёр хүндрэлтэй асуудал байдаг нь Монголчуудын дундаж наслалт нэмэгдэж байна, үүнээс шалтгаалж тэтгэврийн санд өгч буй татаас өсөж байна. Тиймээс ямар нэгэн бодлогын өөрчлөлт хийхгүй бол 2020 он гэхэд тэтгэврийн сангийн татаас 1 их наяд төгрөгт хүрэхээр байна.

Төсөв тодотгож байх үеэр, тэтгэвийн насыг нэмэх, улсын төсвөөс өгч буй татаасын хувь хэмжээг нэмэгдүүлье гэсэн шийдвэр гаргасан. Тухайн үед татвар нэмэх, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх Засгийн газрын саналыг дэмжээгүй учраас энэ хэвээр нь оруулж ирсэн."