Я.Санжмятав: "Насны хишиг"-ийг 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйд олгооч
УИХ-ын гишүүн Я.Санжмятав
2016.10.24

Я.Санжмятав: "Насны хишиг"-ийг 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйд олгооч

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Я.Санжмятав төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Насны хишиг, Хүүхэд харах үйлчилгээ, МСҮТ-ийн суралцагсдад олгох урамшуулал, хувьсах зардал зэрэг нийгмийн хамгаалал, халамжийн асуудлаар асуудал хөндлөө. 

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

"Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн асуудалд Засгийн газар нилээн анхааралтай ажиллахгүй байна уу даа гэж бодож байна. Ялангуяа, өнөөдөр төсөв яригдаж байхад Ерөнхий сайд ямар ажлаар явсан юм бол? Уул нь байж л байх ёстой. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлийн асуудалд анхаарахгүй бол алдагдалтай оруулаад ирэхээр УИХ-ын 76 гишүүн айгаад иргэд рүү хандсан ажил ярихгүй, хийхгүй гээд суугаад байгаа юм биш биз гэж бодож байна.

Төрийн байгууллагуудын зардлыг 15-20 хувиар бууруулах зохицуулалт хийгээд явах үүрэг өгвөл тодорхой үр дүнгээ өгч, өөр бусад төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх зардлыг гаргаж болох байх гэж таамаглаж байна. Орлого нэмэгдүүлэх тал дээр авч үзэхэд, дэд сайдуудаа байлгаад байх юм уу?

Өнгөрсөн жил дэд сайд шиг хэрэггүй албан тушаал алга гэж байсан бол одоо сайд бүр дэд сайдтай. Энэ асуудлыг Засгийн газар УИХ руу оруулж ирж болохгүй гэсэн юм байхгүй байх.

Энэ мэтчилэн дотоод нөөц боломжоо ашиглан, орлогоо нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэлгүй Оюу толгой, Таван толгой гээд оны төгсгөлөөр бага зэрэг орлого орж ирэх үү, үгүй юу төслүүдэд найдаад байх юм.

Мэдээж байдал хэцүү байна. Гишүүдээ амаа хамхиад суу гэж шаардаж, шахаж байгаа байх. Гэхдээ л улс орон урагшаа явах л ёстой. Оюутан, хүүхэд, МСҮТ-ийн суралцагсад, олон жил төрийн албанд зүтгэсэн хүмүүст олгох тэтгэмж, урамшууллыг шийдэх л ёстой.

Ерөнхийлөгч таван зүйлээр асуулга тавьсан байна. Хүүхэд харах үйлчилгээнд 5 тэрбум, МСҮТ-ийг тогтвортой ажиллуулах талаар ямар арга хэмжээ авч байна гэх зэргээр эдгээр 5 асуудалд анхаарал хандуулсан зүйл байна уу?

55-аас дээш эмэгтэй, 60-аас дээш эрэгтэй хүмүүсийг насны хишиг авах болоогүй гэж хэлж болохгүй шүү дээ. Тиймээс ажлын хэсэг дээрээ ярилцаад хүний 50, 50 мянган төгрөгийг шийдээд өгчих юм бол та бүхнийг олонхи болгосон сонгогчдод таалагдах л байх. Ахмадуудаа ялгаварлаж болохгүй. МСҮТ-үүдийг ажиллуулахгүй бол болохгүй. Мэргэжилтэй ажилчингүй болно шүү дээ. Тухайн төвд суралцаж буй суралцагчийн урамшуулал, төвийн хувьсах зардлыг шийдчих хэрэгтэй байгаа юм."

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

"Төсвийн ерөнхийлөн захирагч нар, төсвийн ерөнхий менежер нарт тодорхой эрх мэдэл өгч байгаа. Төсвийн зарлагаа хумиж чадвал тухайн салбартаа хөрөнгө оруулалт хийх, төрийн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх боломжоор хангаж байна. Дэд сайдын тухай асуудал бол улс төрийн сэдэв болчихсон байна.

Жишээлбэл, би анх удаа сайд болж үзлээ. Дэд сайдтай боллоо. Дэд сайд тун их хэрэг болж байна. Хүүхэд харах үйлчилгээ гэх зэргээр санаагаар болдог бол бүхнийг санхүүжүүлмээр байна. Төсвийн орлого хязгаартай учир ач холбогдлын дарааллаар нь эрэмбэлээд эдгээр зардлыг санхүүжүүлж чадаагүй. Төсвийн орлого сайжраад ирэхийн цагт эдгээр зардлыг эргэж харах бүрэн боломжтой.

Насны хишгийн тухайд, төсвийн хүрэлцээ багатай байгаа учраас эхний ээлжинд, тухайлбал 2017 онд санхүүгийн хямрал тун өндөр жилд 70-аас дээш насны ахмадуудад олгох шийдвэр гаргасан. Хэдий эдийн засаг хүнд байгаа ч мөрийн хөтөлбөрт тусгасан зүйлээ хэрэгжүүлж эхэлье гэсний үндсэн дээр “Насны хишиг”-ийг олгохоор болсон. 60-аас дээш насны ахмадад олгохоор тооцвол, нэмж 108 мянган хүн хамрагдахаар байна. Эдгээр хүмүүст жил бүр 2 удаа 50, 50 мянган төгрөг олгоно гэвэл 11 тэрбум төгрөг хэрэгтэй болно. Ахмадуудаас мөнгө харамлаад, танаад байсан зүйлгүй. Үнэхээр төсөв хүндрэлтэй байгаа учраас ийм шийдвэр гаргасан."

УИХ-ын гишүүн Я.Санжмятав:

"Хүүхэд харах үйлчилгээний ард нийгмийн олон асуудал яригдаж байна. Энэ үйлчилгээг болиулахаар “Үүрээ эвдүүлсэн шоргоолж лугаа адил” болчихоод байна. Одоо ажиллуулж буй “Хүүхэд харах үйлчилгээ”-г санхүүжүүлэх тухай ярьж байна. МСҮТ-д суралцаж буй хүүхдүүдийн ар гэр эдийн засгийн бололцоогүй, ажил амьдрал нь тааруухан улсууд байдаг. Тиймээс тэдэнд олгож байсан урамшуулал, хувьсах зардлыг олгохгүй болоод ирэхээр нийгмийн олон сөрөг үзэгдэл бий болоод байна. Тиймээс хөдөлмөрчин, ажилчин ангийг бий болгохоос гадна нийгмийн сөрөг үзэгдэл гарахаас урьдчилан сэргийлэх ёстой."

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн

"Хүүхэд харах үйлчилгээний ач холбогдлыг ойлгож байна. Гол санхүүгийн эх үүсвэр байхгүй байна. Хамтын тэтгэврийн тухай хуулийг танай нам Засгийн эрхэнд байхдаа яагаад 2016 оноос эхлэн хэрэгжүүлж болохгүй байсан бэ? Санхүүгийн эх үүсвэр байхгүй байсан учраас л 2017 оноос хэрэгжүүлэхээр хуульдаа тусгасан байсан шүү дээ. Санхүүгийн эх үүсвэр бий болсон тохиолдолд нийгмийн эдгээр асуудлыг санхүүжүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэг байна."