Төсвийн байнгын хороо хуралдлаа
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.02) хуралдаан 19 цаг 17 минутад 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.
Хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар батлагдсан юм. Мөн 2017 оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулийг баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 41 дүгээр тогтоолд “Улсын Их Хурлын 2016 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн эдийн засаг, санхүү, төсвийн бодлогын арга хэмжээний хүрээнд эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, төсвийн орлого нэмэгдэх нөхцөл байдал үүсэх тохиолдолд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсөөллийн тухай хуулиар батлагдсан үндсэн үзүүлэлтүүдийг 2018 оны төсвийн тухай хуулийг боловсруулах үед дахин авч үзэж, холбогдох өөрчлөлтийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд оруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” гэж заасны дагуу холбогдох өөрчлөлтийг хуульд оруулахаар хуулийн төслийг боловсруулжээ.
ОУВС болон Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн эхний шатны үнэлгээг 2017 оны долдугаар сарын 19-ний өдрөөс наймдугаар сарын 02-ны өдрийн хооронд ажлын хэсгийн түвшинд хийсэн. ОУВС-ийн ажлын хэсгийн зүгээс хөтөлбөр сайн хэрэгжиж, бүх тоон зорилтууд хангагдсан болохыг мэдэгдсэн байна.
Түүнчлэн хөтөлбөрийн 2 дахь шатны үнэлгээг ОУВС-ийн зүгээс ирж хийсэн бөгөөд уг үнэлгээний хүрээнд Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор дунд хугацааны макро эдийн засгийн тооцоолол, төсвийн орлого, зарлагын төсөөлөл зэрэг үндсэн үзүүлэлтүүд өөрчлөгдөхөөр байна. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх зайлшгүй шаардлагыг бий болгосон гэв.
Дээрх зарчмын дагуу холбогдох өөрчлөлтийг тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7,231.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 9,651.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,420.4 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий –8.0 хувьтай байхаар байгааг Сангийн сайд танилцуулав.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Эрдэнэбат, Ш.Раднаасэд нар асуулт асууж, тодруулага хийлээ. Харин Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.