УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва
2016.10.25

Д.Тэрбишдагва: Засгийн газар бодлого, шийдвэрээ хамгаалах хэрэгтэй

Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Засгийн газрын үйл ажиллагаанд нилээдгүй шүүмжлэлтэй хандаж, өөрийн байр сууриа илэрхийлж байлаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

"Хэлэлцэх асуудлыг зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ миний УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд олон удаа хэлж буй үг бол төсвийн алдагдал 2,6 их наяд төгрөгт хүрээд байна. Олон улсын байгууллагуудаар хэлүүлэх албагүй, манай улсын Засгийн газар, Сангийн яам тэвчих зардлуудаа тэвчих ёстой юм биш үү?

Төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад нь 1-12 сар хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэж оруулж ирээд 36 сар хүртэл гээд хэвээр нь үлдээчихэж байгаа юм л даа. Төсвийн алдагдлаа гадаадын зээл тусламжаар төлөх болчихоод байна. Эдийн засаг хүндэрсэн гэдгийг ойлгож байна. Ард иргэдтэй уулзаад явж байхад, мянгат малчин 100 хонио хүртэл өгье гэж байна. Монгол Улс өрөнд баригдаж болохгүй гэж иргэд үзэж байна. Гэтэл УИХ дээр аль болох зардал нэмэх талаар л ярихаас биш орлогоо нэмэх талаар зоригтой ярих хэрэгтэй байна.

Төсвийн ажлын хэсэг байгуулагдаж, зарлага нэмнэ. Тэгэхээр Засгийн газарт дахин дахин хэлээд байгаа зүйл бол хэмнэсэн, бүсээ чангалсан төсвөө хамгаалах хэрэгтэй. Хамгаалахгүй л бол УИХ, байнгын хороон дээр ярьж байгааг нь сонсохоор УИХ-д бүрэн эрх байгаа гээд байдаг. Төсвийн зарлага нэмэгдээд ирэхээр төсвийн алдагдал ДНБ-ий 9,9 хувийг эзэлж байгаа нь нэмэгдэх вий. Тиймээс бодит байдлаа ард түмэндээ сайтар ойлгуулж, эхнээсээ засаж явахгүй бол улам л хүнд болно шүү.

Миний бие эдийн засгийн үзүүлэлтүүдтэй танилцсан. Энэ амаргүй байдалд улстөржилгүй, ямар нэгэн популист амлалт өгөлгүй, хайр дурлал зарлалгүйгээр бодит үнэнээ хэлж, засч сайжруулахгүй бол болохгүй шүү.

Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хангалттай мэдээлэл авч байна. Боловсролын зээлийн санд гэхэд 113 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Мэдээж боловсролыг дэмжих нь чухал ч гэсэн, энэ мэт бусад асуудалд ариг гамтай хандаж, эхний 1-2 жилд эдийн засгаа эрүүлжүүлэх, хүндрэлийг даван туулах чиглэлээр бодитой алхам хийх ёстой.

Засгийн газраас оруулж ирсэн бодлого, шийдвэрээ сайтар хамгаалах шаардлагатай байна. УИХ мэд гэвэл олонхоороо шийдээд Засгийн газрын бодлого өөрчлөгдөж, улсын төсвийн ачаалал улам нэмэгдэх болно шүү. 2,6 их наяд төгрөгийн төсвийн алдагдал гэдэг чинь том тоо шүү дээ. Тиймээс улс орныхоо хэтийн төлөвт анхаарал хандуулах хэрэгтэй."