2016.10.24

Н.Учрал: Төрийн албан хаагчдын нэмэгдэл цалин өөр хоорондоо харилцан адилгүй байна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр /2016.10.21/ УИХ-ын гишүүн Н.Учрал асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

"Уг хуулийн төсөлд төсвийн зарлагын норм, нормативийг баримтлах вэ гэдэг дээр анхаарах нь зүйтэй. Учир нь 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл ч тэр, 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл ч тооцоо, судалгаа багатай байна уу даа гэсэн дутагдал ажиглагдаж байна. Тухайлбал, төрийн албанд 179 мянган хүн ажиллаж байгаагаас батлан хамгаалах салбарыг оролцуулахгүйгээр үндсэн ба нэмэгдэл цалин нь хоорондоо алд, дэлэм зөрүүтэй байна. Төсөв боловсруулж буй мэргэжилтэн өөрийн үзэмжээр асуудалд хандаад байгаа юм биш биз дээ гэсэн бодол төрж байна."

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

"Төсвийн зарлагын норм, нормативийг эргэж харах хэрэгтэй гэдэг дээр тантай санал нэг байна. Сангийн яамнаас төсвийн ерөнхийлөн захирагч нарт төсвийн зарлагын норм нормативийг баримталж ажилладаг байхыг шаардаж байгаа. Сүүлийн жилүүдэд салбар салбарт өөрийн хуулиа батлуулахдаа УИХ-ын гишүүдийг лоббиддог болсон нь үнэн. Төсвийн зарлагын норм, нормативыг ойртуулах талаар надтай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлье."