Оюутны хөнгөлөлтийн картыг санаачилсан овсгоотой эр
2012.03.22

Оюутны хөнгөлөлтийн картыг санаачилсан овсгоотой эр

Засагт ханы хөх эрчүүд гэж цагийн цагт алдартай явсан улс. Нэгэн цагт монгол төрийн бодлогыг тодорхойлж явсан Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай, УИХ-ын гишүүн асан, өдгөө Улаанбаатар төмөр замын даргаар ажиллаж буй Т.Очирхүү нарын араас төрд зүтгэхээр Ц.Дашдорж хэмээх залуу 2000 онд УИХ-д сонгогдсон билээ. Шалмаг хөдөлгөөнтэй, хэнийг ч их, бага гэлгүй эвлэгхэн харьцдаг залуу түшээ 2004 онд Дэд бүтцийн дэд сайдаар ажиллаж, 2008 оны УИХ-ын сонгуульд төрөлх нутгаасаа нэр дэвшин дахин парламентад сонгогдсон. "Олон жил дуншиж байгаа усан цахилгаан станцыг ашиглалтад оруулж, Алтайн сарьдаг уулсын ярвигтай зам харгуйг нийслэлтэй холбож, дэд бүтцийн хөгжлийг төрөлх нутагтаа ойртуулна" гэж амласан нутгийн хүүгээ Алтайхан ийн дэмжсэн хэрэг.

ШУТИС-ийг өрөмдлөгийн инженер мэргэжлээр төгссөн Ц.Дашдорж сайд дээд сургуулиа төгсөөд төрийн өмчит Газрын тос" нэгтгэлд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномын удирдлагад мэргэжлээрээ ажиллаж байсан гэдэг. "Энэ их хүнээс их юм сурсан" гэж нэгэнтээ хэлээд авсан сайд улстөрд хөл тавихынхаа өмнө "Их тэмүүлэл" нэртэй компанийн захирлаар ажиллаж бас наймаа ч хийж үзсэн гэж байгаа. Сагсан бөмбөг хөөж, дүүрэг, хотын аваргад сургуулиа төлөөлөн оролцдог спортлог залуу оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих карттай болгохоор хэсэг нөхдийнхөө хамт хөөцөлдөж, бас амаржсан оюутнуудад тэтгэмжийн мөнгө олгуулах шийдвэрийг төрөөс гаргуулж явсан нийгмийн идэвхтэй нөхөр байж. Тэдний хөөцөлдөж бүтээсэн оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийн карт нь өнөөдрийн "цахим" \/ISА карт.

Оны босгон дээр МАН шинэ Засгийн газраа байгуулж, Ц.Дашдоржид Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамыг хариуцуулахаар шийдсэн. Нам нь хууль тогтоох байгууллагад олон жил ажиллаж, 2000-2004 онд УИХ-ын гишүүн байхдаа "Зам дагаж хөгжил ирнэ. Аймгуудаа төвтэй холбож амжаагүй ч хоёр хөршийг холбосон хурдны замтай болох нь зөв" гэсэн асуудлыг анх удаа хөндөж, дөрвөн жил дэд сайдаар ажиллан, шинэ цагийн дэд бүтцийн салбарын бодлогыг тодорхойлолцсон туршлагатай хүнээ томилсон ч "Яагаад Дашдорж гэж... ?" гэсэн асуулт олны дунд хөвөрч байв. Магадгүй хүмүүс дуулиан шуугиан дэгдээж, ажиллахаас илүү ярихаа   чухалчлан,   хэвлэлээр   нэг бичүүлж,   байсхийгээд зурагтаар гарч өөрийгөө таниулдаг  улстөрчдийн арга барилыг  Ц.Дашдоржоос нэхсэн байх. Харин УИХ-ын  сонгуульд нэг ялагдаж, хоёр  сонгогдож, сайн муугаараа  хангалттай дуудуулчихсан  гишүүнд тийм совесть   огт байдаггүй гэж найз нөхөд нь дүгнэдэг  юм билээ. "Улстөрчид нийгмийг сөргөлдөөн, тэмцэлдээний талбар болгож,цөөхөн хэдэн монголчуудаа талцуулан туйлдуулж байгаад би эгдүүцдэг.

Эгдүүцдэг учраас дунд нь орж шоудахыг үл хүсдэг" гэж сайд нэгэн ярилцлагадаа дурдсан нь найз нөхдийнх нь дүгнэлтийг батлах мэт. Хүмүүс түүнийг хэтэрхий даруу гэцгээх нь бий. Үнэндээ ч тэр шоучин биш.

"Телевизээр бага гарч, цөөхөн ярьж байна гэж шүүмжилмээр үе ч бишгүй" гэж УИХ дахь ангийнхан нь хэлдэг.

Гэвч сайдын албыг авч, харьяа байгууллагуудаараа орж, ажил төрөлтэй нь танилцаж, чиг үүрэг өгч байгаагаас мань хүнийг даруу, дуу цөөтэй гэсэн дүгнэлтэд нийцэхгүй нь харагдаж эхэлсэн. Тэр "Иргэний нисэх, Нийслэлийн хот төлөвлөлтийн газар гээд олон байгууллагад тулгарч байгаа хүндрэлийг шийдэх гарцыг эвлэгхэн олж харагдсан. УИХ, Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай хууль тогтоомж байвал шийдүүл. Хаврын чуулганаар хэлэлцүүлэхийн төлөө зүтгэнэ" гэж мэдэгдээд байгаа. ЗТБХБ-ын сайдын албатай хамт алслагдмал орон нутгийг төвтэй холбох, "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төмөр зам тавих, уул уурхайн дэд бүтцийг хөгжүүлэх, нийслэлийн хот төлөвлөлтийг зөв гольдрилд оруулах гээд улс орны хөгжилтэй шууд холбоотой олон ажил түүний нуруунд ирсэн. Засагт ханы хэцүү эрсийн нэг, залуу сайд энэ албаа богино хугацаанд чадварлаг гүйцэтгэчихвэл түүний өмнө үндсэндээ ногоон гэрэл аслаа л гэсэн үг.

Ц.Дашдоржийг 2008 оноос хойш парламентад тун цөөхөн дуу-гарсан гишүүн гэдэг ч тэрбээр энэ хугацаанд Хүний хөгжил санд төвлөрөх хөрөнгийг уул уурхайн бараа бүтээгдэхүүнээ барьцаалан түүгээр эргэн төлөгдөх баталгаа гарган, зах зээлээс мөнгө  татах ёстой. Гар аргаар алт олборлогчдын нөхцөл тулгамдсан асуудал боллоо. Хувиараа алт олборлогчид болон ченжүүдийн үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулах эрх зүйн орчин хэрэгтэй болж. Иргэдээ мөнгөжүүлэх тал дээр төр анхаарлаа тавих цаг болсон гэж зоригтойхон дуугарсан нэгэн. Сайдын албыг авахаасаа хэдэн сарын өмнө "Төр орон сууцны асуудлыг шийдэхдээ үндсэн дэд бүтэц, иргэдийн худалдан авах чадвар хоёрыг харгалзах хэрэгтэй. Дэд бүтцийн асуудалд төрөөс анхаарал тавья. Энэ хоёрыг шийдчихвэл хөрөнгө оруулалтын дагалдах хүчин зүйлийг шийдвэрлэх боломжтой" гэж мэдэгдэж байсан юм. Барилга, хот байгуулалтын яамны дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд тэр гарцуудаа сайн тооцсон биз. Харин одоо түүнд "Цаг ирлээ" гэдэг шиг санаагаа хэрэгжүүлэх боломж ирээд байна.

Юутай ч сайд Нийслэлийн хот төлөвлөлтийн газарт ажиллахдаа шинээр баригдах "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах орон сууцны дэд бүтцийг хонгилын системд холбож, "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм"-д заагдсан шинээр тавих шугам сүлжээг сувагт болон хонгилд байрлуулах, газар доорхи инженерийн шугам сүлжээг нэгтгэх нөхцөлийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн. Бас хот төлөвлөлтөд тулгарсан хүндрэлийг арилгахын тулд зайлшгүй өөрчлөлт орох болсон Газрын багц хууль, Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл, төмөр зам, иргэний нисэх гэх мэт салбар агентлагт төрөөс баримтлах бодлогыг УИХ-ын хаврын чуулганаар амжиж хэлэлцүүлнэ гэсэн байна лээ.

Алтай  нутгаас  сонгогдсоныхоо хувьд Ц.Дашдорж тойрогтоо чамгүй олон ажлыг амжуулжээ. Түүний санаачилсан "Хоршоо хөгжүүлэх сан"-гаас иргэд, аж ахуйн нэгжүүд зээл авч амьжиргаагаа сайжруулж, олон залуус тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан оюунаа цэнэглэж байгаа юм билээ. Одоо алтайчууд залуу сайдаасаа Говь-Алтай аймгийг эрчим хүчтэй болгох, нийслэлтэй авто замаар холбох гээд чансаатай хэдэн ажлыг хэрхэн хэрэгжүүлэхийг харж суугаа байх. Харин зорьсон сэдсэн бүхнээ хийж бүтээхэд ЗТБХБ-ын сайдад дахиад чамгүй хугацаа шаардагдах болно. Гэсэн ч Ц.Дашдорж дэд бүтцийн салбарт шийдвэр гаргаж байгаагийн хувьд улс орны хэмжээнд төдийгүй Говь-Алтайд дорвитойхон ажил хийж, Улаанбаатар-Баянхонгор-Говь-Алтай-Ховдыг холбосон авто зам, Тайшир болон Улаангомын усан цахилгаан станцын ажлыг урагшлуулж тойрогтоо төдийгүй бүс нутаг, улс орны дэд бүтцийн хөгжилд шинэ төрх нэмэх ажлаа сонгуулиас өмнө чамлахааргүй урагшлуулчихвал улстөрчийн хувьд тавигдсан том шалгуурт дахин тэнцэнэ гэсэн үг билээ.