“Шударга ёсны төлөө дуу хоолойгоо хэзээ ч сулруулахгүй”
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 2008 оны сонгуульд МАХН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшин сонгогдсон. Их хурлын гишүүн болохоосоо өмнө гишүүний туслах, бүлгийн ажлын албаны хуулийн бодлогын зөвлөх, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга гэх мэт алба хашиж байсан. Өөрөөр хэлбэл, Ж.Сүхбаатар гишүүн УИХ-д ажилласан хугацаа нь сүүлийн гурван жил боловч улс төр болон төрийн ажилд сүүлийн 15 гаруй жил тасралтгүй ажиллажээ. Нэг талаасаа залуу улстөрч боловч нөгөө талаасаа хэнээс ч дутахааргүй туршлага хуримтлуулсан байна. Манай энэ удаагийн “76:?” УИХ-ын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатарыг онцолж байна.
Амлалт
2008 оны УИХ-ын сонгууль намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, гишүүд элдэв янзын амлалт өгөөгүйгээрээ онцлогтой. Ж.Сүхбаатар гишүүн ч бас хувийн чанартай ямар нэгэн амлалт, сонгогчдын саналыг татах ямар нэгэн популист амлалт өгөөгүй байдаг. Харин МАХН-ын хувьд иргэн бүрт эх орны хишиг 1.5 сая төгрөг олгох, цалин хөлсийг гурав дахин нэмэгдүүлэх, стратегийн орд газруудыг ашиглалтад оруулах гэх мэт голлох амлалтуудыг өгсөн билээ. МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 80 хувьтай байгааг зарласан. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн орд ашиглалтад орсон, Тавантолгойн асуудал яригдаж байгаа, цалин хөлсийг 2012 онд үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2008 оны төвшинтэй харьцуулахад 2.7 дахин нэмэгдүүлэхээр болоод байна. Мэдээж үүн дээр нэмээд иргэн бүрт сая 500 мянган төгрөгийн эх орны хишгийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд үе шаттайгаар олгоод байгаа билээ. МАХН буюу одоогийн МАН-ын мөрийн хөтөлбөр ийн биелэхэд Ж.Сүхбаатар гишүүний үүрэг, роль тодорхой хэмжээнд байсан болов уу. Эрхэм гишүүний хувьд улс төрд орж ирэхдээ ямар нэгэн популист амлалт гэхээсээ илүү улстөрчийн хувьд шударга, ёс зүйтэй, ил тод төрийг бий болгохын төлөө ажиллана хэмээн зорьсон нь бий. Шударга, ёс зүйтэй, ил тод улс төрийг тэрбээр спорттой зүйрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, эрхэм гишүүн “Шударга, өрсөлдөөнтэй, ил тод спорт хүмүүсийн сонирхлыг татдагийн адил шударга, ил тод, бие биеэ хүндэтгэсэн улс төр олон түмний дэмлэгийг хүлээдэг” хэмээн ярьж, хэлж явсан аж. Өнгөрсөн хугацаанд шударга, ил тод улс төрийн төлөө хангалттай зүтгэж, ажилласныг сэтгүүлчид болоод ард түмэн мэдэж байгаа болов уу. Тэр хэзээ ч аливаа асуудалд хэт нэг талыг барих эсвэл хэт туйлшруулж ханддаггүй. Асуудлыг ярихдаа бүх талаас нь нарийн судалгаатай, басхүү шударгаар хэлж, хэнээс ч айж эмээлгүй, хэлэх гэснээ шуудхан хэлчихдэг зантай. Тийм ч учраас өнөөгийн УИХ-д байгаа МАН-ын шилдэг залуучуудын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн болов уу. Одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороог удирдаж, улс орны ирээдүйтэй холбоотой чухал хуулийн төслүүд /УИХ-ын сонгуулийн тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Ашиг сонирхлын зөрчлын тухай хууль/ дээр голлох үүрэг хүлээн ажиллаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэхэд голлох үүрэгтэй оролцож, УИХ-аар батлуулж чадлаа. Түүнчлэн саяхан түүний удирдсан Байнгын хороо Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийг батлуулсан. Залуу улстөрчийн хувьд чамгүй амжилт шүү. Ялангуяа Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх асуудал хоёр намын хамтын ажиллагааны мөрийн хөтөлбөрт байсан бөгөөд энэ амлалтыг биелүүлэхэд Ж.Сүхбаатар гишүүн ихээхэн үүрэгтэй оролцсон билээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 2008 оны сонгуульд МАХН-аас Дархан-Уул аймагт нэр дэвшин сонгогдсон. Их хурлын гишүүн болохоосоо өмнө гишүүний туслах, бүлгийн ажлын албаны хуулийн бодлогын зөвлөх, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга гэх мэт алба хашиж байсан. Өөрөөр хэлбэл, Ж.Сүхбаатар гишүүн УИХ-д ажилласан хугацаа нь сүүлийн гурван жил боловч улс төр болон төрийн ажилд сүүлийн 15 гаруй жил тасралтгүй ажиллажээ. Нэг талаасаа залуу улстөрч боловч нөгөө талаасаа хэнээс ч дутахааргүй туршлага хуримтлуулсан байна. Манай энэ удаагийн “76:?” УИХ-ын гишүүн Жамъянхорлоогийн Сүхбаатарыг онцолж байна.
Амжилт
Эрхэм гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би шударга ёсны төлөө дуу хоолойгоо хэзээ ч сулруулахгүй” хэмээн онцолжээ. Үнэхээр ч гишүүн залуу улстөрч, хуульч хүний хувьд энэ нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө ажилладаг гэдгийг дээр дурьдсан. Үүнийг батлах хамгийн том ажил нь Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль. Улстөрчид уг хуулийн төслийг барьж аван батлахаасаа эмээж байсан гэдэг нь өнгөрсөн гурван жилийн турш ил тод харагдсан. Ялангуяа үргэлж ашиг сонирхлын зөрчилтэй байдаг, төрийн албыг хувийн сонирхлынхоо төлөө ашигладаг хэсэг бүлэг хүмүүсийн хувьд уг хуулийг батлахыг огтхон ч хүсээгүй гэдэг нь тодорхой биз. Харин Ж.Сүхбаатар гишүүн нэр бүхий гишүүдийнхээ хамтаар зүтгэсний үр дүнд уг хуулийг батлуулж чадлаа. Яг хуулийн хэллэгээрээ бол Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн төсөл. Өмнө нь ямар ч зохицуулалтгүй байсан нийтийн алба гэдэг ойлголт уг хуулийн хүрээнд хуульчлагдсан. Түүнчлэн төр, нийтийн албанд ажиллаж байгаа хүн ямар ёс зүйг баримтлах, хэрхэн ажиллах, хэрвээ сонирхлын зөрчилтэй байвал ямар ёс зүйг баримталж ажиллах тухай бүх талын зохицуулалтыг оруулсан билээ. Ингэснээр төрийн албыг хувийнх юм шиг ашигладаг, тендер будлиантуулдаг, луйварддаг гэх мэт хууль бус үйлдлүүд уг хуулийн хүрээнд төгсгөл болж байна. Хуулийн талаар товч тайлбарлавал, төрийн албан хаагчид ХОМ мэдүүлдгийн адил жил бүр Сонирхлын зөрчлийн мэдүүлэг өгч байхаар болсон. Тухайн төрийн албан хаагч аливаа тендер, өөр бусад үйл ажиллагаан дээр ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч, татгалзана. Хэрвээ мэдсээр байж, сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулсан нь илэрвэл тодорхой хариуцлага хүлээлгэхээр хуульд тусгасан билээ. Энэ утгаараа Сонирхлын зөрчлийн тухай хууль бол улстөрчдөөс жинхэнэ утгаараа ёс зүй, үнэнч шударга байдал, эр зориг шаардсан хууль. Тийм ч учраас эл хуулийн төсөл УИХ дээр гурван жилийн турш яригдсаны эцэст саяхан батлагдаад байгаа билээ. Үүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл яригдаж байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлуулж чадлаа. Энэ бол эрхэм гишүүний хамгийн том амжилт гэж дүгнэхээр байна. Ялангуяа шинэ сонгуулийн хууль улстөрчдийн хувьд эр зориг шаардсан хууль байгаа. Улстөрчид анх удаагаа өөрсдийнхөө эрх ашигт халтай хууль баталсан хэмээн яригдаж буй билээ. Энэ үүднээсээ Ж.Сүхбаатар гишүүний баримталдаг “Шударга, ил тод, ёс зүйтэй улс төр” гэдэг зарчимд ч бас нийцэж байгаа юм. Асуудалтай, анхаарлын төвд байсан хуулийн төслүүд үүгээр ч дуусахгүй. “Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль” байна. Уг хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, баталсан билээ. Уг хуулийн төслийн тухайд төрийн байгууллагууд иргэддээ ил тод байх зарчмыг илүү хуульчилснаараа онцлогтой. Төрийн байгууллага иргэдэд улсын нууцад хамаарахаас бусад мэдээллийг нээлттэй хүргэх тухай асуудлыг уг хуулиар зохицуулсан билээ. Үүнээс гадна Ж.Сүхбаатар гишүүн УИХ дахь “Авлигатай тэмцэх бүлгэм”-ийг санаа нийлсэн хэсэг гишүүдийн хамтаар байгуулсан. Өмнө нь УИХ-д сууж байсан гишүүд ийм бүлгэм байгуулаад, авлигын эсрэг ажиллаж байсныг төдийлөн санахгүй байна.
Алдаа
Эрхэм гишүүн залуу улстөрчийн хувьд хааяахандаа асуудалд дэндүү хурцаар хандаж, шүүмжлэх үедээ хэнийг ч шүүмжилчихдэг нэгэн. Гэхдээ мэдээж хувийн шинж чанартай, бяцхан улс төр хийж элдэв зүйл ярихгүй. Улс орны ирээдүйтэй холбогдох томоохон хуулийн төслүүд, бодлогын шинжтэй асуудлаар байр сууриа илэрхийлж, шүүмжлэлтэй асуудлыг зоригтой хэлэх нь бий. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар С.Эрдэнэ гишүүнтэй ам муруйсан удаатай. Үнэндээ УИХ-ын гишүүний хувьд нэг танхимд суудаг нөхрөө “Эрүүгийн элемент”-ээр нь дуудсан нь түүний хувьд маш том алдаа гэлтэй. Гэхдээ улс төрийг тогтвортой байлгах, хуулийг сахих, магадгүй улс орны цаашдын ирээдүйтэй холбоотой асуудлаар зарим тохиолдолд хатуу байр суурь илэрхийлж, муудалцах нь энүүхэнд шүү дээ. Гэхдээ тухайн үед Ж.Сүхбаатар гишүүн С.Эрдэнэтэй эр хүний ёсоор гар барьсан, С.Эрдэнэ ч нэг их юм бодоогүй гэдгээ хэлсэн байсан. Үүнээс өмнө хуулийн салбарын шинэчлэлтэй холбоотой асуудлаар салбарын сайд Ц.Нямдоржтой муудалцаж байсан. Ц.Нямдорж сайд асуудалд намын ахмад гишүүний хувиар хандаж, Ж.Сүхбаатарыг өрөөндөө дуудаж оруулж ирээд гар зөрүүлсэн нь сенсаци тарьж байлаа. Гишүүн болохгүй, бүтэхгүй байгаа асуудлыг шийдэхийн төлөө намынхаа томцуултай ч хамаагүй үзэл бодлоо уралдуулан, хэлж, ярьж, шүүмжилдэг, болохгүй бол хэрэлдэж хэлцдэг гэдэг нь эндээс харагдаж байна. Үүнээсээ болж шүүмжлэлд өртөж, хэл амны бай болох нь бий ч залуу хүн, залуу улстөрчийн хувьд ийм л зан төрхтэй байх ёстой шүү дээ. Тэгж байж, нийгэмд болон намдаа өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадна. Гэхдээ эрхэм гишүүн аливаа асуудлыг зүгээр яриад, шүүмжлээд байхаасаа илүү хийхийг эрхэм болгодог хэмээн олон ярилцлагадаа дурьдаж байсан. Өөрөөр хэлбэл, тэр зөвхөн шүүмжлээд суудаг хүн биш ажээ.
Тэнэглэл
Түүнийг хурц ширүүн байж байгаад байнгын хорооны дарга болсноосоо хойш төдийлөн юм ярихаа болсон гэж шүүмжлэх нь бий. Үнэхээр тийм болсон бол УИХ-д бодлого боловсруулалцаж байгаа хүний хувьд “тэнэглэл” гэж харах тал бий. Ялангуяа шударга, ил тод улс төрийн эрхэмлэдэг улс төрчийн хувьд шүү дээ. Гэхдээ гишүүн шүүмжлэхээсээ илүү хийснээрээ хүлээн зөвшөөрөгдөхийг эрхэмлэдэг тухайгаа олон ярилцлагадаа дурьдсаныг дээр хэлсэн. Байнгын хорооны дарга болсноор эрхэм гишүүний хувьд үргэлж ярьж, хэлдгээ хийж, хэрэгжүүлэх боломж олдсон. Тийм ч учраас магадгүй үргэлж ярьж, хэлж, шүүмжилдгээ болиод шүүмжлэлтэй, болохгүй бүтэхгүй байгаа асуудлуудыг шийдэхийн төлөө илүү их эрч хүчтэйгээр ажиллаж буй биз ээ. Тэгээд ч аливаа асуудал хүрээнээсээ халиад, хэт нуршаад эхлэхээрээ утгагүй болдог жамтай. Шүүмлэл ч бас хэт олшроод эхэлбэл, үнэ цэнээ алдах нь тодорхой юм. Тийм учраас эрхэм гишүүний хувьд одоо шүүмжлэлтэй асуудлуудыг дэмий ярьж хэлэх бус шийдэхийн төлөө ажиллаж эхэлсэн бололтой.
Ирээдүй
Эрхэм гишүүн өөрийнхөө ирээдүйн талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би ирэх сонгуульд өрсөлдөнө гэсэн бодолтой байгаа. Гэхдээ би өрсөлдөхөөсөө өмнө ард иргэдээсээ асууя, дэмжвэл намынхаа дотоод өрсөлдөөнд оролцоно гэж бодож байна. Хэрвээ иргэд намайг хүлээж, дэмжиж байгаа бол УИХ-д сонгогдохын тулд өрсөлдөнө” хэмээн дурьджээ. Тэр ямар нэгэн амбиц, улс төр хөөхөөсөө өмнө ард түмнээсээ асууя гэсэн байна. Олон түмэн дэмжвэл тэр дэмжлэгийг алдахгүйн төлөө ажиллахаа илэрхийлжээ. Түүнд залуу улстөрчийн хувьд энэ улсын төлөө хийх ажил олон байгаа байх. Тийм зорилго, бодол, хүсэлтэйгээр УИХ-д орж ирсэн тухайгаа ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. УИХ-д орж ирэхээсээ өмнө 15 жил төрийн албанд тасралтгүй зүтгэсэн туршлагатай нэгэн. Өөрийн гэсэн бодол, үзэл баримтлал, тодорхой зорилгоо биелүүлэх бүрэн боломжтой, мэдлэгтэй гэсэн үг. Тийм ч учраас дарханчууд түүнд 2008 оны сонгуулиар итгэл хүлээлгэж, УИХ-ын эрхэм түшээгээр сонгосон болов уу. Гишүүн өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд тэдний итгэлийг алдсангүй. Сүүлийн үеийн судалгаа Дархан-Уул аймагт Ж.Сүхбаатар гишүүний рейтинг өндөр байгааг харуулах болжээ. Тийм ч учраас гишүүн ирэх сонгуульд нэр дэвшвэл амжилт үзүүлэх болов уу. Дахин сонгогдвол өөрийн эрхэмлэдэг “Шударга, ёс зүйтэй, ил тод улс төрийг бий болгохын төлөө” зарчмаа жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь дамжиггүй биз ээ.