Улс төрийн халтиргаатай тавцан дээр бизнесменүүдийн ихэнх нь тогтдоггүй
- Хөрөнгийнхөө тусламжтай улстөрд эрчтэй дэвшсэн хүн бол Юлия Тимошенко.
- «Хоёр баян эр капитал хуримтлуулчихаад одоо ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч болохоор үзэж тарж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Прохоров
Асар баян хүмүүс өндөр албан тушаалд тэмүүлэх нь байдаг л үзэгдэл. Гэвч эд хөрөнгө, эрх мэдлийн хослол хэнийг ч солиоруулдаг бололтой дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүдийн дунд хүүхэмсэг эр, авлигач, мафийн загалмайлсан эцэг бий. Германы «Der Spiegel сонин «Хоёр баян эр капитал хуримтлуулчихаад одоо ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч болохоор үзэж тарж байна. Тэд бол Прохоров, Ромни нар. Эрт дээр үеэс л бизнесмэнүүд эрх мэдэлд шунадаг байсан. Гэхдээ улстөрийн халтиргаатай тавцан дээр ихэнх нь хөл дээрээ тогтож чаддаггүй» хэмээжээ. Оросын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн Михаил Прохоровын хөрөнгө 13 тэрбум евро. Тэрбээр эрсдэлтэй хоббитой. Прохорв онгон дагшин цаст уулын оройгоос буух дуртай, бас кикбоксингоор хичээллэдэг.
Одоо тэр улстөрд орж ирлээ. Гэвч энэ нь Оросын хэт баячуудын хувьд нисдэг тэргээс цаст оргил руу харайхаас ч илүү эрсдэлтэй, боксын тулаанаас ч илүү осолтой. Тэр тусмаа мань эр Оросын Ерөнхий сайд Путинтэй сөргөлдөж байгаа. Прохоров «Миний зорилго бол Путиний гол өрсөлдөгч болох» хэмээжээ. Тэрбумтан эр «12 жил төрийн эрхэнд байх хангалттай биш үү гэсэн ганцхан асуултыг Путинд тавимаар байна. Залууст зам тавьж өгөх цаг болсон» хэмээн Путинийг өдөөн турхирч байна. «Дэлхий даяар мөнгөтэй баячууд эрх мэдлийн төлөө уралцаж байна. Гэхдээ тэдний бохир ор хөнжлийг сөхөж, санхүү, улстөр, хувийн дуулианыг ил гаргах боломжийг атаархагчид, өрсөлдөгчид нь алдахгүй» хэмээн Der Spiegel сонин сэрэмжлүүлэв. Үүний тод жишээ бол «Кремлийн загалмайлсан эцэг» хочит, 65 настай Борис Березовский. Тэрбээр 1990-ээд онд Оросын улстөрийн «саарал хамба» явсан бөгөөд мөнгийг хэрхэн улстөрийн нөлөө болгон хувиргах, эрх мэдлээ яаж баялаг болгохыг сайн мэддэг байв.
Б.Березовский 1996 онд Борис Ельцинийг улиран сонгогдоход тусалж, улмаар өөрөө Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга болсон. Товчоор өгүүлэхэд Березовский бол Кремлийн хөшигний цаадах улстөрийг удирддаг байв. Тэр бүү хэл 1999 онд Березовский л Владимир Путинийг эрх мэдлийн дээд түвшинд татаж гаргасан. Гэвч удалгүй өөрөө баларч, Лондон руу зугтаасан юм. Березовский өшөө авах төлөвлөгөөгөө боловсруулж байх хооронд хөрөнгө нь хайлсаар байна. Хөрөнгийнхөө тусламжтай улстөрд эрчтэй дэвшсэн хүн бол Юлия Тимошенко. Украины экс Ерөнхий сайд тухайн үедээ байгалийн хийн хэлэлцээрээс сая сая долларыг халаасалжээ. Тэрбээр 2004 онд улбар хувьсгалын лидерүүдийн нэг болж, шинэ сонгууль явуулалцсан. Гэвч тэр 2010 онд эртний өрсөлдөгч Виктор Януковичид ялагдсан билээ. Одоо тэр Украинд ашиггүй гэрээг ОХУ-тай хийсэн хэргээр шоронд сууж байгаа.
АНУ-ын ерөнхийлагчид нэр дэвшигч М.Ромни
Тимошенкогоос ялгаатай нь Тайландын экс Ерөнхий сайд Таксин Чинават албан тушаалаасаа буусан ч шоронд ороогүй. Телевизийн магнат, 62 настай түүнийг тайландчуудын зарим нь одоо ч үндэсний баатар гэдэг. Түүний дүү өнгөрсөн жил парламентын сонгуульд ялмагцаа Дубай руу зугтаасан ахыгаа зөвлөхөөр томилсон билээ. Муу нэртэй бизнесмэн хэрхэн эрх мэдлийн төлөө шунан зүтгэдгийн тод жишээ бол Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлускони. Авилга авдаг, мафитай холбоотой, улс орноо эдийн засгийн сүйрэлд хүргэх шахсан,садар үдэшлэг зохиодог гээд түүнийг элдэв бусаар буруутгадаг ч Берлускони удаан тэссэн. Харин тэрбээр 2011 онд дотоод, гадаадын хүчтэй шүүмжлэлийг тэсэлгүй огцорсон юм.
Харин дөрөв дэх засаглал хүчтэй хөгжсөн Германд өчүүхэн зүйлээс болж, улстөрөөс үүрд хусагддаг. Язгууртан гаралтай Карл Теодор фон Гуттенберг уг нь Германы улстөрд гэрлийн хурдаар гарч ирсэн. Түүнийг канцлер Ангела Меркелийн халааг авна гэцгээж байлаа. Эдийн засгийн, Батлан хамгаалахын сайд байсан түүний докторын диссертаци хуурамч гэдэг нь илэрч, баларсан даа. Мөн Германы «төмөр канцлер» Бисмаркийн ач хүү Карл Эдуард өөрийн залхуугаас болж, улстөрийн карьераа сүйтгэсэн юм. АНУ-ын сонгуулийн кампанит ажил мөнгийг сая саяар нь залгидаг. Гэхдээ үлгэрийн мэт их баялаг ч Цагаан ордонд суух баталгаа болохгүй. Техасын тэрбумтан Росс Перо 1992 онд гэнэт солио өвчин тусч, Ерөнхийлөгчийн сунгаанаас гарсан тохиолдол бий.