Өрөмдлөгийн инженерээс төрийн сайд хүртэл дэвшсэн эрхэм
Манай сонин энэ удаагийн “Өглөөний хүн” буландаа Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн Цэдэвийн Дашдоржийг урьж оролцууллаа. Ц.Дашдорж сайд 1967 оны нэгдүгээр сарын 21-нд Улаанбаатар хотод төрсөн. Хонь жилтэй, матрын ордынх. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Эхнэр Б.Согоосүрэн нь багш, сэтгүүлч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул хүн юм. Шинэхэн сайд маань 1985 онд нийслэлийн 10 жилийн 12 дугаар дунд сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг өрөмдлөгийн технологич инженер мэргэжлээр төгссөн. Орос, англи хэлтэй. Түүний хувьд дээд боловсрол эзэмшээд 1990-1993 онд “Газрын тос” ХХК-д өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд “Их тэмүүлэл” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байв. Энэ хугацаанд даруу төлөв, хичээнгүй, үнэнч шударга, тууштай хөдөлмөрч гэдгээрээ ард түмний итгэлийг хүлээн, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон юм. УИХ-ын гишүүнээр сонгогдсон дөрвөн жилийн хугацаанд улстөрийн ажлаараа төр засагтаа хүндлэгдэж чадсан болохоор 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдон ажиллажээ.
Харин 2008 онд уугуул нутаг Говь-Алтай аймгаасаа УИХ-д нэр дэвшин сонгогдсон билээ.
Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг олон чухал хуулийн төслийг санаачилсан байна. Түүний хувьд 1996-2000 онд МАСЗХ, МАСОХ-ны дэд ерөнхийлөгч, 2006 оноос “Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллага, оюутан залуучуудын “Ирээдүй Алтай” холбооны тэргүүн, Говь-Алтай аймгийн Цээл сумын нутгийн зөвлөлийн даргын сонгуульт албыг хашиж байжээ. Алтайн залуусын оюуны чадавхийг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө идэвх зүтгэл гаргадгийг нь нутгийн ард түмэн ихэд сайн мэднэ. Тиймээс ч төрийн залуу түшээгийн хөдөлмөр, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, 2006 онд “Алтан гадас” одонгоор шагнажээ.