Төрд Су.Батболдын хаягтай том орон зай нэгэнт бий болжээ
Хэн ч бай, ямар ч ажил алба хашдаг бай өөрт оногдсон орон зайдаа эзэн болж, бусдад хэрэгтэй хүн байнагэдэг их хувь заяа билээ. Өдөр тутмын ажил амьдрал нь ихэнхдээ олон нийтийн нүдэн дээр өрнөдөг Их хурлын эрхэм түшээдийн дунд ийм хүн цөөнгүй бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Сундуйн Батболд. Одоогоос 10 гаруй жилийн өмнө анх УИХ-ын нөхөн сонгуулиар парламентад сонгогдон орж ирснээс хойш тэр дандаа "хэрэгтэй хүн" байсаар иржээ. Энэ хугацаанд хууль тогтоох, төрийн бодлого боловсруулах ажлын арвин баялаг туршлага хуримтлуулж, аль хэдийнэ мэргэшсэн парламентч болж чадсан байна. Чухам ийм учраас түүнийг өөрт оногдсон орон зайгаа дүүргэж яваа төрийн түшээ гэж онцолж байгаа хэрэг. Өнөөгийн УИХ-ын гишүүдийн 30 орчим хувь нь нэн идэвхтэй ажиллаж, нийгмийн харилцааг зохицуулах гол чухал хуулиудыг санаачлах, боловсруулах үүрэг гүйцэтгэдэг гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Ерөнхийдөө мөнөөх 30 хувийн үйл хэрэг, үзэл санаагаар төрийн ажил урагшилж байна ч гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэр нэн идэвхтэй хэсгийн төлөөлөл бол яах аргагүй Су.Батболд бас л мөн. Тэрбээр хууль тогтоогчид мэргэшиж ажиллах хэрэгтэй хэмээн үздэг. Өөрөө ч хууль тогтоогчийн хувьд хэд хэдэн чухал, мэдлэг боловсрол, мэдрэмж шаардсан чиглэлээр дагнан ажилладаг. "Би бол улстөр, захиргаа, хөдөө аж ахуй, байгаль орчны чиглэлийн хуулийн ажлын хэсэгт л ордог" хэмээн нэгэн ярилцлагадаа хэлжээ.
Ялангуяа улстөрийн бодлогын, тэр дотроо Үндсэн хууль, сонгуулийн хууль, засаг захиргааны асуудлыг нэвтэрхий мэддэгийн хувьд энэ чиглэлийн хуулиудад түүний амыг харах нь цөөнгүй. Төрийн түшээ болсон цагаасаа хойш дандаа Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр ажилласан Су.Батболд сонгуулийн хуулийн сүүлийн гурван удаагийн өөрчлөлтийн ажлын хэсэгт голлох үүрэгтэй ажилласан байдаг. Хамгийн сүүлийн буюу сонгуулийн шинэ хуулийн төсөлд тэрбээр ёстой л өдөр шөнөгүй ажилласан. Иймэрхүүихэнхдээ улстөржих гээд байдаг, басхүү ард түмэн, улс орны хувьд амин чухал асуудлуудад түүний товч байр суурь ч бас хэрэг болдог болов уу гэж санагддаг юм. Сонгуулийн хууль ид хэлэлцэж байх үед тэрбээр "Мажоритар гэдэг хамгийн муу муухай, пропорциональ гэхээр хамгийн гайхамшигтай зүйл гэж хэт туйлширч болохгүй. Тогтолцоо болгон өөрөө сайн, муу талтай. Тухайн улс орны улс төрийн тогтолцоо, төлөвшил, сонгогчдын боловсрол, улс төрийн намуудын төлөвшлөөс хамаардаг. Өнөөдрийн байдлаар улстөрчид, судлаачид холимог маягийн зэрэгцээ тогтолцоонд санал нэгдсэн. Монголчууд мажоритар тогтолцооны сайн, мууг мэднэ. Ялангуяа Монголд илэрч байгаа гажгуудыг сайн мэдэж байгаа. Тэр утгаараа сонгуулийн тогтолцоондоо пропорциональ элемент оруулах ёстой гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ ингэж аль алиныг нь сонгож авахдаа хуучин дадаж ирсэн тогтолцоогоо давуу байдлаар сонгох хэрэгтэй. Цаашдаа пропорционалийн элемент нь давуу байж чадвал яваандаа өөрчлөөд явж байж болно" хэмээн хэлжээ. Хууль батлагдахдаа яг л түүний хэлснээр болсон. Хэдийгээр хоёр нам зөвшилцөх гэж байдаг цагаа барсан ч шинэ хууль өмнөхөөс хамаагүй дээр болсон гэдэгтэй эрдэмтэн судлаачид, улстөрчид бараг бүгд санал нийлж байгаа билээ. Су-гийн хэлсэнчлэн нэг талд туйлшраагүй сайн хууль батлагдсан гэсэн үг. Төрийн мэргэн бодлого сонгуулийн хуулиар дамжиж хэрэгжих нь үнэн, түүнд УИХ-ын гишүүн Су.Батболдын оруулж буй хувь нэмэр үлэмж гэдэг нь эндээс харагдана. Төрийн тогтолцоо нэг л болохгүй байгаа
тухай санаа зовнидог гишүүдийн нэг бол мөн л Су.Батболд. Ерөнхий сайд нь бусдаас илүү эрх мэдэлтэй байх сонгодог парламентын засаглалд шилжих, парламентыг хоёр танхимтай болгох асуудлыг тэрбээр энэ удаагийн бүрэн эрхийн хугацаандаа хэчнээн зүтгүүлээд ч олонх төдий л шамдсангүй. Түүнийхээр Ерөнхий сайд хэчнээн мундаг байгаад засаглалын одоогийн тогтолцоонд эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил гарахгүй гэнэ. Яагаад гэвэл Засгийн газар ямар мундаг санаачилга гаргана, УИХ-ын гишүүдийн таалалд үл нийцвэл ганц товчлуураар л "унадаг" нь нууц биш. Засаг, захиргааны хуваарь улсын хөгжил, урагшлах замд саад, тээг болсоор байгаа тухай сүүлийн хэдэн ч жил ярив даа. Үнэхээр болохгүй байгаа юм чинь өөрчлөх, шинэчлэх тухай зоригтой ярьдаг төрийн түшээгийн нэг бол бас л Су.Батболд. Орон нутгийн засаг, захиргааны тухай ярихад нутгийн удирдлагын асуудал давхар хөндөгдөнө. Тэгвэл Су.Батболд гишүүн эдгээр асуудлаар нарийвчлан мэргэшиж, "Нутгийн удирдлагыг боловсронгуй болгох нь" сэдвээр докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажилд шимтэж явна. 1994 онд байгуулагдсан Нутгийн удирдлагын холбоо хэмээх төрийн бус байгууллагыг тэргүүлж, энэ сэдвээрх яриа, хэлэлцээнд шумбаад орчихдог нь ч аргагүй л мэргэшсэн хүний "өвчин" биз ээ.
Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд нэн идэвхтэй ажилласан эрхэм гишүүн нийт 43 хууль санаачилж, батлуулжээ. Эдгээрээс олны хийгээд улстөрчдийн анхаарлын төвд байдаг нь мэдээж УИХ-ын сонгуулийн тухай хууль юм. Мөн Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, батлуулсан нь олон нийтийн талархлыг зүй ёсоор хүлээх ажил болсон билээ. "Өөрийн төрөлх араншин нэг тийм коммунист маягийн ч гэмээр залуу байсан. (инээв) Асуудалд ж ном горимын дагуу, ёс жаягийн дагуу ханд гээд байдаг тиймэрхүү зан төрхтэй. Үзэл бодол төлөвшсөн үе маань ч оюутан ахуй үе. Би тэр үед факультетын эвлэлийн хороон дарга байсан. Энэ бол миний хамгийн анхнийгэм, улстөрийн ажилд оролцож эхэлсэн ч гэх юм уу даа" гэсэн түүний ярилцлагаас иш татмаар санагдлаа. Яагаад гэвэл Су.Батболд өнөөдөр ч УИХ-ын гишүүний ажлаа яг л ёс журмаар нь явуулдаг. Түүний төрөлх чанар төрийн түшээгээр ажилласан 10 жилд огтхон ч өөрчлөгдсөнгүй.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө боловсронгуй болгох асуудалд хууль эрх зүйн орчин талаас ам нээдэг, ажилладаг цөөн гишүүдийн нэгээр мөн л түүнийг нэрлэх билээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн ажлын хэсгийн ажил муугүй урагшилсан боловч бодит үр дүнгүй энэ удаагийн бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байгаа. Энэ хуулийн үзэл санааны талаар тов тодорхой байр суурийг ч эрхэм гишүүн С.Батболд илэрхийлдэг. Бас л нөгөө туйлшраагүй, эрүүл, эерэг уур амьсгалаар эрх зүйн орчныг даруйхан өөрчлөх хэрэгтэй гэж үздэг нэгэн. Мөн Монголд анх олон нийтийн статустай радио, телевиз бий болох хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ мэтээр УИХ-ын гишүүн Су.Батболдын гэсэн онцлогтой бодлого, хөтөлбөр, санаачилсан, баталсан хууль бүрийг яривал багагүй урт жагсаалт болох нь тодорхой. Товчхон үгээр хэлбэл, тэр Монголын төрд хэрэгтэй хүн. УИХ-д түүний хаягтай том, тод орон зай нэгэнт бий болсон байна.