2012.03.01

Хатан ухаанаар төр түшилцэж буй гишүүн

 



Амлалт
2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрийн дагуу амлалтаа өгсөн. Хувийн зүгээс амлалт өгөхгүй байх үүднээс тэгсэн хэрэг. Гэхдээ   эрхэм гишүүн тойргийнхоо онцлог, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан хувийн зүгээс хэд хэдэн амлалт өгсөн байна. Жишээ нь, баг бүрт гэр цэцэрлэг ажиллуулна. Орон нутгийн эмнэлгүүдийг оношилогоо, эмчилгээ, суви­лахуйн орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр бүрэн хангана. Аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбоно. Аймаг сумдад нислэг хийх онгоцны тоог нэмнэ гэх зэргээр. Амлалтаа биелүүлэх хүрээнд анхаарч ажиллахын хажуугаар сум, орон нутагт бүтээн байгуулалтын ажил олныг хийжээ. Юуны өмнө орон нутагт үйлдвэр байгуулах, ажлын байраар хангах талаас нь багагүй анхаарч ажилласан байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сум  Монголдоо томоохонд тооцогдох мод, модон үйлд­вэрлэл, үйлчилгээний түшиц газар байсан. Харин сүү­лийн жилүүдэд тоног төхөөрөмжгүйн улмаас хэвийн ажиллах боломжгүй болоод байсан юм. Харин Д.Оюунхорол гишүүн уг үйлдвэрт 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмж авч өгчээ. Ингэснээр мод, модон эдлэлийн үйлдвэр сэргэж, олон иргэн ажилтай, орлоготой болжээ.

 

Мөн Тэлмэн суманд нийтдээ 49.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар малын тэжээлийн үйлдвэр байгуулсан. Иргэд ажлын байртай болоод зогсохгүй зудтай жил өвс тэжээл олдохгүй, хэцүүддэг малчдын нар гарсан юм. Түүнээс гадна тэрбээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж ажилласан. Завхан аймагт сүүлийн жилүүдэд өрхийн үйлдвэрлэл хөгжиж, жижиг дунд бизнес эрхлэгчид олон болж байгаа аж. Тиймээс эрхэм гишүүн тэдний үйл ажиллагааг дэмжиж, олон ажлыг хийжээ. Мод, оёдол, талх нарийн боовны цех гэх зэрэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийг дэмжиж 60 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм. Түүнээс гадна Завхан аймагт газар тариалан эрхлэгчид олширч байгаа.

 

Тэр утгаараа 21 хоршоонд трактор бэлэглэсэн гээд үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс тусал­сан, үйлдвэр байгуулсан, дэмжсэн ажлууд олныг хийсэн байна. Мөн засаг захиргааны хамгийн бага нэгж болох багийн төв рүү түлхүү анхаарч ажиллаж. Завхан аймгийн хэд хэдэн суманд нийт 21 багийн төв барьсан. Үүндээ 122 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Хөдөөний малчид сумын төв явах гэж зүдэрдэг цаг ард хоцорч, багийн төвөөсөө бүх үйлчилгээгээ авдаг болжээ. Цаашид улс даяар хэрэгжүүлмээр санаачилга. Мөн хэд хэдэн суманд цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад оруулж, гэр цэцэрлэгүүд байгуулсан. Эрүүл мэндийн чиглэлд анхаарч, таван суманд түргэний ма­шин олгосон гэх зэргээр хийсэн, хэрэгжүүлсэн ажил их. Мөн энд дурьдахгүй байж болох­гүй томоохон бүтээн байгуулалтууд бий. Юуны өмнө зав­ханчууд цахилгааныхаа асууд­лыг шийдвэрлэсэн. Зас­­­гийн газрын 40 дүгээр тогтоолын дагуу Хөвсгөл айм­гийн Цэцэрлэг суман дахь “Могойн гол”-ын нүүрсний уурхайг түшиглэн ДЦС-ыг Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт барихаар шийдвэрлэсэн билээ.

“Шинэ Азиа Майнинг” групп энэ оны сүүлч гэхэд Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар бүрэн хангах 30 Мвт чадалтай эхний хэсгийг ашиглалтад оруулж, “Могойн гол”-ын нүүрсний уурхай дээр өөрийн хөрөнгөөр дулааны цахилгаан станц, ТЭЗҮ, барилгын ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэхүү ДЦС-ыг УИХ-аас батлан гаргасан Концесийн гэрээний   тухай хуулийн дагуу барих, ашиглах-шилжүүлэх төрлөөр буюу барихад хоёр жил, ашиглах нь 20 жил нийтдээ 22 жилийн дараа төрд үнэ төлбөргүйгээр шилжүүлэх нөхцөлтэй байгуулсан. ДЦС-ыг гэрээний дагуу барьж ашиглалт оруулснаар 300 орчим ажлын байр шинээр бий болох, нүүрсний уурхайн борлуулалт жилд 200 мянган тонн болж нэмэгдэх учиртай. Хамгийн гол нь Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах ач холбогдолтой юм. Энэ ажлыг  шийдвэрлэхэд Д.Оюунхорол гишүүний оролцоо багагүй байсан. Дээрээс нь Ерөнхий сайд С.Батболдыг Завхан аймагт ажиллах үеэр Улиас­тайгаас Донойн нисэх буудал хүртэл 35 км хатуу хучилттай зам тавих, нисэх буудлын хөөрч буух зурвасыг хийх 3.2 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж чадсан хүн. Ирэх онд Завхан аймгийн төвийн авто зам шинэчлэлд 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлүүлээд байна. Энэ мэтээр хийсэн ажил, хөрөнгө оруулалт, амлалтын биелэлтийг нь тоочвол урт дараалал үүснэ. 


Амжилт
Тэрбээр МАН-ын дэргэдэх НАМЭХ-г тэргүүлж ажилладаг. Тэр утгаараа өнгөрсөн жил “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө-2011” форумыг амжилттай зохион байгуулж чадсан юм. Энэ форумаар эмэгтэйчүүдтэй холбоотой бүхий л асуудлыг авч хэлэлцэж, 1000 эмэгтэйг нэг дор чуулуулж чадсан юм. Тэр битгий хэл “Эмэгтэйчүүдийн банк” байгуулах шийдвэр гаргаж, ядуурлаас гарах замаа тодорхойлсон. Маш өргөн цар хүрээтэй, ач холбогдолтой форумыг зохион байгуулж, эмэгтэйчүүдийн төлөө дуугарч чаддаг шигээ ажиллаж чаддагаа харуулсан нь түүний амжилт. Мөн тэрбээр УИХ-д ажиллах хугацаандаа олон хууль санаачилж, идэвхтэй ажилласан. Хууль санаачлахдаа хүртэл эмэгтэйчүүдийн төлөө дуугарч, тэднийг дэмжих талаас нь ажилласан нь хараг­даж байгаа юм. Жишээ нь Олон хүүхэд төрүүлж, өсгө­сөн эхийг урамшуулах тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан. Хүүхдийн тоог бууруулж, шинээр зургаа буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр, шинээр 4-5 хүүхэд төрүүлсэн эхийг хоёрдугаар одонгоор шагнахаар хуульчилсан билээ.

 

Ингэснээр олон ээжүүд “Эхийн алдар” одонтой болж, олон хүүхэд төрүүлснийхээ гавьяаг  эдлэх эрхтэй болов. Энэ бол яах аргагүй амжилт. Мөн Бүсийн нэмэгдэл олгох тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль, Тэтгэврийн зөрүүг арилгах тухай хууль зэрэг хууль санаачилж, ажилласан байна. Мөн Д.Оюунхорол гишүүн ажил амьдралынхаа нэгээхэн хэсгийг боловсролын салбарт зориулсан. Түүний үүсгэн байгуулсан “Отгонтэнгэр” их сургууль эдүгээ 20 жилийн ойтойгоо золгоод байгаа. Тиймээс түүний боловсролын салбарт гаргасан шинэчлэл, нөр их хөдөлмөр зүтгэлийг төр үнэлж Монгол Улсын гавьяат багш цолоор шагнасан билээ. Хүн нэг зүйлд сэтгэлтэй, тууштай хөдөлмөрлөвөл ам­жилтад хүрдгийг тэр харуулж чадсан. Түүнийг ер нь нэр цэвэр улстөрч гэдэг.   АТГ-ынхан Авлигын эсрэг өдрөөр “Шударга ёсны төлөө-2011” шагналыг бий болгон улс орны хэмжээнд шударга ёсны төлөөх хүсэл эрмэлзэлтэй, авлигаас ангид байж чаддаг, шударга иргэдийг олон нийтийн санал асуулгаар тодруулсан. Энэхүү шаг­налыг Д.Оюунхорол гишүүн авч байлаа. Энэ бол түүний хамгийн том амжилт гээд хэлчихэд буруудах юун. Шударга байж, иргэдийн дэмжлэгийг хүлээнэ гэдэг өөрөө асар том амжилт шүү дээ.

Алдаа
Тэрбээр 1986 онд УБДС-ийг математикийн багш мэргэжлээр дүүргэсэн бөгөөд төгссөн даруйдаа   нийслэлийн 10 жилийн 26 дугаар дунд  сургуульд нэг жил математикийн багш хийж байжээ. Улмаар 1987 онд тус сургуулийн хичээлийн эрхлэгчээр дэвшин ажиллажээ. Мөн 32 дугаар сургуулийн хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. Улмаар 1992 онд  “Отгонтэнгэр” их сургуулиа байгуулсан. Ерөөс 1986 оноос хойш 30 орчим жил боловсролын салбарт  ажиллаж,  эх орондоо хэрэгтэй мэргэжилтнүүд бэлт­гэсээр иржээ. Тийм ч учраас тэрбээр боловсролын салбарт анхаарч, тэр талаас нь илүү дуугардаг. Тэр нь зарим хүмүүст “Отгонтэнгэр” их сургуультай холбоотойгоор, хувийн ашиг сонирхлын үүд­нээс яриад байгаа юм шиг харагддаг байх. Тийм яриа ч гарч л байдаг. Энэ нь ашиг сонирхлын зөрчил алдаа гэж байгаа хүн мэддэг зүйлээ ярих нь хэн хэндээ тустай хэрэгтэй. Хэдийгээр боловсролын сал­барт санаа тавьж, зовниж явдаг ч зарим үед өөр зүйл ярьж байх хэрэгтэй байх. Тэгэхгүй бол хувийн бизнесээ дэмжиж байна гэдэг талаас нь хүмүүс мушгин гуйвуулж, нэр хүндэд нь халдсаар байх биз. Ерөөс оюутны 70 мянга, 500 мянгыг төлбөр хэлбэрээр олгох зэрэг дээр Д.Оюунхорол гишүүн идэвх санаачилгатай ажилласан. Өнөөдөр оюутнууд цалинтай болж, зарим нь тэр мөнгөөрөө төлбөрөө төлөх гэж хичээж байна. Гэтэл түүнийг бас л “Отгонтэнгэр” сургуультай нь холбож гоочлох хүн олон байлаа. Үүнийг эс тооцвол тэр алдаа дутагдал гаргаад, хэл аманд орооцолдоод явдаг хүн биш.

Ирээдүй
Тэр УИХ-д эмэгтэйчүүдийг төлөөлж суугаа цөөхөн гишүүний нэг. Гэхдээ бусдаасаа илүү эмэгтэйчүүдийн төлөө ажиллаж, шийдвэр гаргахын төлөө тэмцэж чаддаг нэгэн. Ерөөс шийдвэр гаргах төвшинд эмэгтэй хүний дуу хоолой, үзэл бодол, шийдвэр дутагдаж байгаа нь үнэн. Энэ том орон зайг нөхөхийн төлөө зүтгэж байгаа түүний ирээдүй гэрэлтэй байгаа. Тэгээд ч түүний тойрогт хийсэн бүтээн байгуулалт, ажил нь сонгогчдынхоо итгэлийг хүлээхэд хангалттай. Ерөөс завханыхан түүнд ам сайтай байдаг юм билээ. Тэр дундаа эмэгтэйчүүд илүүтэйгээр дэмж­дэг. Одоо бол зөвхөн нэг тойр­­гийн гэлтгүй нийт Монгол эмэгтэйчүүд, ээжүүд түүнд баярлаж, номер нэг сонголтоо болгоод байгаа болов уу. Завхан аймагтаа ч, улсын хэмжээнд ч өрсөлдсөн тэр иргэдийнхээ итгэлийг даагаад, гараад ирэх зангарагтай улстөрч. Тэгээд ч эмэгтэйчүүдийн орон зай шийдвэр гаргах төвшинд үгүйлэгдэж байхад түүн шиг хоёр ч удаа УИХ-д орж ажил­ласан хүн яах аргагүй хэрэгтэй.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.