Л.Оюун-Эрдэнэ: Шууд ардчиллын хэлбэрийг нэвтрүүлж байгаагийн хувьд дэмжсээр ирсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Зөвлөлдөх санал агуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байна, доторх агуулгыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Хуулийн төсөлд хэд хэдэн анхаарах зүйл бий. Тиймээс хууль санаачлагч төсөл дээрээ илүү сайн ажиллаж байж оруулж ирэх нь зүйтэй байсан болов уу. Тухайлбал, хуулийн төслийн 6,1,2 дахь хэсэгт хотын хэсэгчилсэн төлөвлөлт гэж оруулж ирсэн байна. Мөн олон улсын байгууллагын санхүүжилтээр зөвлөлдөх санал агуулга явуулна гэжээ. Эдгээр нь нийгэмд шүүмжлэл дагуулах болно.
Уг хуулийн төсөл бол хэлэлцэхэд бэлэн биш төсөл гэж үзэж байна. Хуулийн төслийн үзэл баримтлалыг миний бие дэмжсээр ирсэн. Учир нь өнгөрсөн 25 жилд бий болсон тогтолцоо нуран унаж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой.
Яагаад нийгэм бухимдалтай байна? Яагаад төр, засгийн гаргаж буй шийдвэрт сэтгэл хангалуун бус байна? гэхээр төлөөлнө гэж итгэж байсан ардчилал нь төлөөлөх чадамжгүй болчихоод байна. Тийм учраас иргэд шууд ардчиллын хэлбэр рүү орохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Жишээлбэл, утаа, улсын төсөвтэй холбоотой асуудлаар иргэд бухимдлаа илэрхийлж байна.
Тиймээс дараагийн 25 жилд Монголын төр ямар зарчмаар, яаж ажиллах вэ гэдгийг тодорхойлох нэг зүйл нь зөвлөлдөх ардчилал юм. Цаашид одоогийн байгаа шиг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр түлхэлцэж, хоёр Ерөнхий сайдтай юм шиг болжээ. Энэ мэт тогтолцооны шинжтэй асуудал урган гарч, мөсөн уулын оргилыг хараад хормойг нь харж чадахгүй байна.
Энэ агуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт орох ёстой. Энэ агуулгаар төр, засаглалын тогтолцоонд өөрчлөлт орох ёстой. Энэ агуулгаар Монгол Улсын парламент, шүүх засаглалд өөрчлөлт орох ёстой.
Энэ бүх асуудалд шууд ардчиллын хэлбэрийг УИХ-ын гишүүн Г.Занданшатар нэвтрүүлэх үүднээс хуулийн төсөл оруулж ирсэн нь шинэ зүйл. Тиймээс уг хуулийн төслийн зүйл заалтыг дэмжихгүй байна. Гэхдээ хэлэлцэх асуудлыг дэвшилттэй үзэл баримтлал гэж үзээд дэмжих нь зүйтэй.