УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Эрдэнэс Тавантолгойг эргэлтэд оруулах, 1072 хувьцааг эргэлтэд оруулах заалтууд хасагдлаа. Гэхдээ үүн дээр цаашид анхаарах зүйл нь олон нийтэд нээлттэй компани болгоно гэсэн сайхан томьёолол хэлээд, Эрдэнэс Тавантолгойн тодорхой хэсгийг хувьчлах зүйл яваад байна.
Үүний өмнө хэлэлцсэн тогтоол дээр хүртэл заалт оруулсан. Харин оруулчихсан байсныг Эдийн засгийн байнгын хорооныхон уг заалтыг авсан. Цаашдаа ч энэ компанийг нүүрсний хулгайгаар далимдуулаад хувьчлах асуудал их ярьж байна.
Улс орноо тэжээж буй стратегийн ордоо хувьчилж болохгүй гэж миний хувьд хэлээд байгаа юм. Үүнийг хэдүүлээ бүр тохирч авмаар байна. Эрдэнэтийг, Тавантолгойг хувьчилж болохгүй. Харин менежментийг сайжруулах тал дээр гадны менежментийн багийг оруулж ирээд, олон улсын түвшинд нүүрсээ зардаг, борлуулдаг зүйлийг хийх хэрэгтэй. Үгүй бол муу хүн томилоод, хулгай, авлигалд нүүрлүүлчихээд дараа нь хувьчилж авах далд сонирхол явдаг байж магадгүй гэж бодож байна. Хувьчлалын асуудлыг 2 ч тогтоолоор шургуулах гэж оролдлоо. Сайхан нэртэй ил тод компани гэж болгоно гэж.
Иргэдийн 1072 хувьцааны асуудлыг нэг мөр шийдэж өгмөөр байна. Мөн хувьцааны ногдол ашгаар бүтээн байгуулагдсан бүтээн байгуулалтын хувьцааны асуудлуудыг шийдэж өгөх хэрэгтэй. Төмөр замд оруулсан хөрөнгийхөө хувьцааг иргэд 1072 хувьцаандаа шингээж эзэмшихийг шийдэж өгөх ёстой. Ногдол ашгийг байнга өгдөг байх энэ чиглэл рүү анхаарах шаардлагатай.
Нэг буруу ойлголт өгөөд байна. Бэлэн мөнгөөр улс төрийн зорилгоор ногдол ашгийг нь тараах гэж байна гэж. Үгүй. Биржээр дамжуулаад тооцооны төвүүдийн дансаар л мөнгийг нь өгчихнө шүү дээ.
Харин нэг сонин заалт яваад байгаад гайхаж байна. Хөрөнгийн биржид бүртгэж гэж. Энэ чинь бүртгэлтэй л компани шүү дээ. Тооцооны төвүүдээр дамжуулаад 1072 хувьцааг ахмадууддаа мөнгөжүүлээд өгсөн. Яах гэж дахин дахин оруулаад байгаад эргэлзээд протоколд тэмдэглүүлж байна. Хувьчилж авах далд зүйл байгаа болохоор үүн дээр анхаарч, нэг мөсөн шийдэх хэрэгтэй.