УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2017.01.19

О.Баасанхүү: Нийтийн сонсгол, зөвлөлдөх санал агуулга хоорондоо нэг их ялгарах юм алга

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Зөвлөлдөх санал агуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг хуулийн төслийн заалтууд бусад энэ төрлийн хуулиудтай давхцаж байна гэсэн юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Уг хуулийн төслөөр гадны туршлагыг хэрэгжүүлэх гээд байх шиг. Аль улсын туршлагыг судалсан бэ? Ард түмэн зөв шийдвэр гаргахын гол үндэс бол зөв мэдээлэлтэй байх юм. Тухайлбал, автомашиныг улсын дугаарын сүүлийн хоёр орныг үндэслэн хязгаарлалтайгаар замын хөдөлгөөнд оролцуулна гэдгийг иргэдээс асуусан бол эсэргүүцэх байсан.

Тухайн үед түрэмгий шийдвэр байсан мэт боловч тодорхой хугацаанд хэрэгжүүлснээр уг шийдвэрт дасан зохицож, ажил амьдралаа зохицуулдаг боллоо. Одоо бол замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хувиар бууруулахад уг шийдвэр нөлөөлсөн гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Ард түмнээр хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн шийдвэр зөв байна гэдэг харьцангуй ойлголт. Төрийн захиргааны байгууллагатай холбоотой маш олон хуульд байгаа иргэний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалтууд уг хуулийн төсөлд ч давхцан орсон байна. Өөрөөр хэлбэл нийтийн сонсгол явуулах, зөвлөлдөх хоёр хоорондоо давхцаж байна гэсэн санаа юм.

Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрээс 30 тэрбум төгрөг аваад байшин будсан байдаг. Энэ мөнгөөр юу хийх вэ гэж ард түмнээсээ асуусан бол лав байшин будуулахгүй байсан байх. Харин жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зээлийн санд төвлөрүүлж, иргэдээ ажилтай, орлоготой болгоё гэсэн санал хэлэх байсан болов уу. Зөвлөлдөх санал агуулга явуулахдаа ямар шалгуур, үндэслэл, төсөвтэй байна гэж тооцсон бэ?

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

Уг хуулийн төслийг боловсруулахдаа 27 улсын туршлагыг судалсан. Үүнээс гурван улсын туршлагыг энд онцольё.

Нэгд, Социал демократ нам энэ аргачлалаар хотын асуудлаа шийдсэн байдаг.

Хоёрт, БНХАУ-ын намын зөвлөлдөх зөвлөлөөс дэд бүтцийн томоохон төслүүдийг ард иргэдтэйгээ зөвлөлдөж, уг аргачлалаар АНУ-ын профессорыг урьж авчран хэрэгжүүлсэнээр маш том үр дүнтэй байсан. Одоо Шанхай хотод энэ зарчмаар асуудлыг шийдэх гэж байна. Дэд бүтцийн төслүүдийг эрэмбэлэхдээ эхлээд үйлдвэр барих уу, зам барих уу гэх зэргээр зөвлөлддөг.

Энэ жишээнээс харахад, Оюу толгой төслийг хэрэгжүүлэх явцад хоёр, гурван хүний нэр зааж шүүмжлэхийн оронд ард иргэдийн дунд зөвлөлдөх санал агуулга явуулж, уг асуудлыг нэг мөр шийдэгдэх боломжтой байх.

Иргэд зөв шийдвэр гаргахын тулд зөв мэдээлэл хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна. Зөв мэдээлэл бол зөвлөлдөх санал агуулгын гол суурь юм. Мэдээлэлгүй байхад нь иргэдийн дунд зөвлөлдөх санал агуулга явуулж болдоггүй.

Зөв мэдээлэл гэдэг бол тэнцвэртэй мэдээлэл. Тэнцвэртэй мэдээлэл гэдэг бол мэтгэлцээний зарчмаар явагдсан, үндэслэл, нотолгоотой мэдээлэл гэсэн үг.

Нийтийн сонсголоос ялгарах гол онцлог нь уг асуудлыг сонирхсон хүмүүс л ирдэг. Түрээсийн байрны асуудал шийдлээ гэхэд тухайн байрыг түрээслэгчид л оролцоно. Тиймээс байр түрээслэх хүсэлтэй иргэдийн санал давамгайлах тал бий. Тэгвэл зөвлөлдөх санал агуулгад иргэдийг түүврийн аргаар оролцуулдаг учраас нийт ард түмнийг төлөөлж чадахуйц олон талын ашиг, сонирхол нэг дор уулзана гэсэн үг.

Судалгаатай асуудалд мэдээлэлжүүлсэн иргэдийн саналыг авч байгаа учраас зөвлөлдөөний өмнө болон дараа авсан санал агуулгын үр дүн ихэвчлэн өөрчлөгддөг.

Хуулийн төсөлд зөвлөлдөх санал агуулгыг эрх бүхий субьект зохион байгуулна гэж заасан. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг хуулийн төсөлд санал бодлоо идэвхтэй илэрхийлэхийг хүсье.