2023.01.05
Б.Бат-Эрдэнэ: Нүүрсний хулгайг мэдээлж байхад хуулийн байгууллага яагаад шийдэхгүй байна вэ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.05\ нэгдсэн хуралдаанаар Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо.
Эл асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Засгийн газрын кабинетын гишүүн болохоор Засгийн газар дээр асуудлаа ярих шаардлага гардаг. Тэр болгон ярих бололцоо олддоггүй нөхцөл бий. Энэ дагуу Засгийн газарт бид асуудлаа нэлээн хүчтэй тавьж буй. Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Тавантолгой компаниудыг тойрсон нүүрсний хулгай, луйвартай холбоотой асуудлуудыг анх гаргаж тавьсан.
Гаалийн холбогдох хүмүүс нь хэлж байсан. Цагдаагийн байгууллагатай холбоотой асуудлыг удаа дараа тавьсан. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлын талаарх саналаа албан тоот бичгээр хүргүүлсэн тухай хэлсэн. Энэ асуудлын талаар яагаад хөөцөлдөхгүй байна вэ гэж. Үүнд тодорхой хэлж өгнө үү.
Хуулийн байгууллагад шилжсэн байхад яагаад энэ асуудлыг тавихгүй, Засгийн газар, Их хурал, нийгмийн хэмжээний асуудал болгож байж шалгадаг, ярьдаг байдалтай байна вэ?
Тавантолгой тойрсон будилаан, хулгай оффтейк гэрээтэй холбоотой. Нүүрс борлуулахтай холбоотой гэрээний асуудал. Мөн тээвэртэй холбоотой. Дараа нь бүртгэлгүйгээр нүүрс гаргасан асуудал бий.
Мөн худалдан авалттай холбоотой асуудал байна. Тавантолгой компани ажиллаж эхэлснээс хойш нийтдээ 7.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн гэсэн мэдээлэл яваад буй. Үүн дээр хариулт өгнө үү.
Жагсаал цуглаан, ерөнхий сонсголын үеэр иргэдийн тавьсан санал, асуудал хаана явж байна вэ. Бодитой үр дүн, хариулт туссан уу. Жагсаж байгаа иргэдтэй эргэх холбоотой ажиллаж буй бүтэц байна уу?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.