Ё.Баатарбилэг: Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт ихээхэн дарамт болохоор байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.01.19/ Зөвлөлдөх санал агуулгын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэлж, асуулт асуусан юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Хууль санаачлагчаас асуух хэд хэдэн асуулт байна.
Хуулийн үзэл баримтлалыг хүндэтгэж байна. Гурван асуудлыг заавал зөвлөлдөх санал агуулгаар шийднэ гэжээ. Үүнд, Үндсэн хууль, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, газар зохион байгуулалт орж байна.
Хуулийн төслийг харахад, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хэвийн үйл ажиллагаагаа явуулахад нилээд хүндрэл үүсэхээр байна. Жил бүр аймгийн ИТХ-аас газар зохион байгуулалтын асуудлаар хэлэлцдэг. Үүнийг заавал хоёр шатны санал агуулгаар иргэдийн дунд хэлэлцүүлдэг байхаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөл ёсоор бол зөвлөлдөх санал агуулгыг зохион байгуулдаг судалгааны байгууллагад мөнгө төлж, санал агуулгад оролцож буй хүмүүст урамшуулал олгох, санал агуулга зохион байгуулж буй ажилчдад цалин өгөх юм байна.
Улаанбаатар хотын 21 аймаг, 330 гаруй сумынхан жил бүр ИТХ-аа хуралдуулдаг. Орон нутгийн ИТХ ирэх жилийн төсвөө баталж, хийж хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний жагсаалтаа гаргадаг. Тэгвэл Зөвлөлдөх санал агуулгын тухай хуулийн төслөөр бол төсвөө баталж, ажлын төлөвлөгөөгөө гаргахын тулд хоёр шатны санал агуулга явуулах юм байна. Суманд хүртэл судалгааны байгууллага заавал байх ёстой гэж заажээ.
Зөвлөлдөх санал агуулга явуулахад шаардлагатай судалгаа хийсэн үү? Жилд энэ мэт санал агуулга явуулахад хэдэн төгрөг улсын төсөвт суулгах шаардлагатай вэ? Улсын төсвөөс санхүүжүүлэх боломжтой гэж үү?
Өнөөдөр бид улс оронд эдийн засгийн хямрал нүүрлэлээ гээд “урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж” байна шүү дээ. Уг нь иргэний танхимаараа төсөвтэй холбоотой асуудлаа хэлэлцдэг. Сум, орон нутгийн Засаг дарга, удирдлагууд иргэний танхимдаа иргэдээ цуглуулж, ирэх жилийн төлөвлөлт, төсвөө танилцуулж, санал солилцож, бодлогодоо тусгадаг. Энэ бүхнийг улам төвөгтэй болгож, улсын төсөвт дарамт учруулахуйц хуулийн төсөл оруулж ирлээ гэж харж байна.
Хэрэв зөвлөлдөх санал агуулга өрнүүлэх юм бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ юу хийх болж байна? Орон нутгийн хөгжлийн бодлого гэж бий. Дөрвөн жилийн хөгжлийг харсан зураглал бас бий. Гэтэл зөвлөлдөх санал агуулга нэрийдлээр орон нутаг дахь улстөржилтийг улам гааруулах юм биш үү?
Орон нутагт ажлын байр хомс, иргэдийн орлого бага байгаа учраас шинээр ажлын байр нэмэх санаачилга бүхий Засгийн газрын хөтөлбөр юм шиг санагдаж байна. Ажилгүй хүмүүст санал агуулгад оролцсоны төлөө мөнгө төлдөг, хүмүүсийг түр хугацаанд ажлын байраар хангадаг, шинээр судалгааны байгууллага байгуулна гэж ойлгогдож байна. Ингэж ойлгож болох уу?
Уг хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн гэлээ. Засгийн газар тийм их мөнгөтэй байгаа юм уу? Хуулийн төсөл батлагдсанаар асар их хэмжээний мөнгө хэрэгтэй болж, улсын төсөвт дарамт учруулахаар байна. Мөн хуулийн төсөлд зөвлөлдөх санал агуулгатай холбогдсон зардлыг улс, орон нутгийн төсөв болон олон улсын байгууллагаас санхүүжүүлнэ гэж байна.
Эндээс үзэхэд, Үндсэн хуулийн шинэчлэлтэй холбоотой зөвлөлдөх санал агуулгыг олон улсын байгууллага санхүүжүүлж болох нь байна шүү дээ. Гадныхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг санхүүжүүлж, санаа бодлоо тусгах боломж бүрдэх нь байна. Тиймээс орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд уг хуулийн төсөлтэй танилцсан уу? Хэлэлцэх эсэхийг дэмжлээ гэхэд цаашид хэлэлцүүлгийн явцад анхаарал, болгоомжтой хандаарай.