Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг дэмжлээ
УИХ-ын чуулган
2017.01.19

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг дэмжлээ

2017 оны 1 сарын 19 ны УИХ-ын чуулганаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Нямдорж, О.Баасанхүү,асуулт асууж, Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Оюун-Эрдэнэ, нар үг хэллээ. Ингээд 43 гишүүдийн 72,1% буюу 31 нь хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжиж харьяалагдах байнгын хороонд шилжүүллээ.

ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Хуулийн зорилт нь нийтийн эрх зүйн хүрээнд энэ хуульд заасан асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж төрийн шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангахад оршиж байгаа аж. Зөвлөлдөх санал асуулгыг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатай олж илрүүлэх, тухайн асуудлын эрэмбэ, түүнийг шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлын талаар мэдлэг, мэдээлэл өгөх, Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан төрийн үйл хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилгоор зохион байгуулах юм байна. Түүнчлэн мөн бүлэгт зөвлөлдөх санал асуулгыг явуулах шийдвэр гаргах, зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, иргэдээс санал авах, дүнг нэгтгэн зөвлөмж гаргах журмыг зааж, Зөвлөлдөх зөвлөл, түүний чиг үүрэг, ажиллах журам, зөвлөлдөх санал асуулгын санхүүжилттэй холбогдсон зохицуулалтыг тусгажээ.

Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд, эсхүл засаг захиргааны нэгжийн хэмжээнд зохион байгуулна.

Шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь зөвлөлдөх санал асуулга явуулах тухай шийдвэртээ тухайн зөвлөлдөх санал асуулгын сэдэв, хугацаа, хэлбэр болон холбогдох төсвийг зааж, энэ тухай олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байна.

Зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг хөндлөнгийн, бие даасан, хараат бус мэргэжлийн байгууллага гүйцэтгэх бөгөөд зөвлөлдөх санал асуулга хоёр шаттай байна.

  • Нэг дэх шатанд иргэдэд тухайн зөвлөлдөх санал асуулгын сэдвээр урьдчилсан мэдлэг, мэдээлэл өгөхгүйгээр санал асуулгын хуудсаар саналыг нь авах бол хоёр дахь шатанд нэг дэх шатанд оролцсон иргэдийн 50-аас доошгүй хувиас саналыг нь урьд нь санал авсан санал асуулгын хуудсаар дахин авна.
  • Хоёр дахь шатанд санал авах ажлыг зөвлөлдөх уулзалт хэлбэрээр зохион байгуулж, уг уулзалтад оролцогчдод тухайн санал асуулгын сэдвээр олон талт мэдээлэл, тайлбар, танилцуулгыг шийдвэр гаргах эрх бүхий этгээд, хөндлөнгийн судлаач, мэргэжилтэн, шинжээч нар өгнө.

Нэг дэх болон хоёр дахь шатны зөвлөлдөх санал асуулгын дүнг мэргэжлийн байгууллага нэгтгэн гаргаж, үр дүнгийн тайланг Зөвлөлдөх зөвлөлд танилцуулах ба Зөвлөлдөх зөвлөл хэлэлцээд гаргасан зөвлөмжийг шийдвэр гаргах эрх бүхий этгээд харгалзан үзэхээр төсөлд тусгажээ.

Зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдон гаргах зардлыг улс, орон нутгийн төсвөөс, түүнчлэн олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэг, хувь хүн, хуулийн этгээдийн хандиваар санхүүжүүлж болох ба хувь хүн, хуулийн этгээдийн хандивын хэмжээ нь тухайн зөвлөлдөх санал асуулгын нийт санхүүжилтийн 40 хувиас хэтрэхгүй байхаар хуульчлахаар тусгасан байна.