Улстөрчид мэдрэмжтэй хандах ёстой
Улстөрчид мэдрэмжтэй хандах ёстой
2016.01.22

Улстөрчид мэдрэмжтэй хандах ёстой

Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хэрхэн дүгнэж байгааг хүргэж байна.

ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ БОЛОМЖИЙГ МАН ХААЖ БАЙНА

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах Г.Уянга гишүүний саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны пүрэв гаригийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй хойшилсон. Манай гишүүд дөрвөн цагийн туршид байнгын хорооны гишүүдийг хүлээж, дуудсан.

Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, Г.Уянга гишүүн хуралдаа ирээгүй. Хуралд оролцохгүй шалтгааныг тодруулахад “шийдвэр хүлээж байна” гэсэн хариултыг өгсөн байсан. Үүнээс харахад энэхүү шийдвэрийг МАН-ын дарга М.Энхболд гаргана. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах ажлыг МАН зохион байгуулж байна гэж хардаж байгаа. Өөрөөр хэлбэл, Г.Уянга гишүүний даашинзны хормойнд зүүгдсэн МАН-ын шийдвэр. Ерөнхий сайдыг огцруулах асуудал бол гэнэтийн шийдвэр байсан.

Ингэж өргөн барих бодлого ч байсан гэж бодож байна. Дэлхийн зах зээл дээр Засгийн газар бонд гаргахаар төлөвлөсөн үед огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн. АН-ын хийж хэрэгжүүлэх гэж буй ажлуудыг гацаах үүднээс дээрх саналыг гаргасан гэж хэлэхэд хилсдэхгүй. Тийм учраас АН-ын удирдлагын зүгээс ҮЗХ-ны хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэсэн. Ер нь Засгийн газрын бонд гаргах ажлын бэлтгэл бүрэн хангагдсан. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор Засгийн газрын бонд гаргах ажилд эргэлзээ үүссэн гэдгийг Сангийн сайд хэлсэн. Тиймээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх ёстой. Эдийн засаг сэргэх боломж байна. Гэвч энэхүү боломжийг МАН хааж байна.

ЦАГ ХУГАЦААНЫ ХУВЬД ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИЖ БОЛОХГҮЙ

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ:

-Өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчдын цалинг тавиагүй байна. Цалин мөнгө болон эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой Засгийн газар бонд гаргах гэж байгаа. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг бүлгийн хурлаараа нухацтай ярилцаж, санал солилцсон. Цаг хугацааны хувьд огцруулах асуудлыг дэмжиж болохгүй. Ер нь Ерөнхий сайдыг авч үлдэнэ гэдэг нь хамгаалж, хайр зарлаж байгаа хэрэг биш. Нөгөө талаасаа огцруулахаар л муу муухай болж, тэр хүнтэй хувийн ашиг сонирхолтой юм шиг  талаас нь битгий хараасай.

“Шударга ёс” эвсэл ард иргэдийн хүсэж байгаа байр суурь дээр өөрсдийн нэгдсэн шийдвэрээ гаргалаа гэж үзэж байгаа. Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан “Шударга ёс” эвслийн гурван гишүүндээ бүлгийн гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, шийдвэрийг дагаж, хэрэгжүүлэх зөвлөмж, чиглэл өгсөн. Нийгэм, эдийн засгийн үр дагавар болоод ард иргэдийн нөхцөл байдал зэрэг олон талаас нь ярилцаж олонх шийдвэр гаргасан. Хэдийгээр бид цөөхөн гишүүнтэй ч аливаа нэг томоохон асуудалд нэгдсэн байр суурьтай байна гэсэн зарчмаараа бүлгийн хурлаа хийж, шийдсэн.

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖИХГҮЙ

ИЗНН-ын дэд дарга С.Дэмбэрэл:

-Засгийн газрыг огцруулах цаг нь биш. Улстөрч хүн бол цаг үеийн мэдрэмжтэй байх ёстой. Цаг үеийн мэдрэмж гэдэг нь улс маань гадаадын хөрөнгө оруулалт тэг заасан. Хоёр баг нийлээд хөрөнгө оруулалт хайгаад сурталчилгаанд гадагшаа явсан байгаа. Нөгөө талаас эдийн засгийн өсөлт буурч, ард иргэдийн хуримтлал, хэрэглээ, амьжиргааны төвшин тааруу байгаа энэ нөхцөлд хүмүүс засаг төр тогтвортой байгаасай гэж хүсэж байна.

Хөрөнгө оруулагчид ч манай Засгийн газар тогтвортой ажиллаасай гэж боддог. Тиймээс энэ бол цаг үеэ олоогүй, мэдрэмжгүй, атгаг санаанд хөтлөгдсөн санал гэж үзээд, хувьдаа дэмжихгүй байгаа. Оюутолгойн далд уурхайн гэрээг Монголд ашиггүй байдлаар хийсэн гэх үндэслэлийг тавьж байгаа. Гэрээ гэдэг бол хоёр талтай зүйл. Ялангуяа, тэр гэрээний нарийн асуудалд оролцоогүй хүмүүс Монголын авах ёстой ашгийг 30 жилээр хойшлууллаа гэж шүүмжилж байгаа үндэслэл нь ойлгомжгүй юм.

Тогтвортой уул уурхай, тогтвортой хөгжлийн зарчим бол өнөөгийн болон ирээдүй үедээ баялгаа зөв зохистой хуваарилахыг хэлдэг. Тэгэхээр Оюутолгой, Тавантолгойн өгөөжийг 20, 30 жилээр авна гэдэг одоо, ирээдүйдээ баялгийнхаа хуваарилалтыг зохистой хийж байна гэсэн санаа гэж ойлгож байгаа.