Хөрөнгө оруулагчид хэлэлцээ хийхээс татгалзаж эхэллээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг
2016.01.21

Хөрөнгө оруулагчид хэлэлцээ хийхээс татгалзаж эхэллээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тогтоолын төслийг Г.Уянга тэргүүтэй 20 гишүүн уржигдар өргөн барьсан. Тэгвэл Р.Амаржаргал гишүүн хоёр сарын өмнө нэрээ татсан байсан гэдгээ УИХ-ын даргад албан бичиг илгээж мэдэгджээ. Энэ асуудлаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.

УИХ-ын гишүүн Г.Батхүү: Хөрөнгө оруулагчид хэлэлцээ хийхээс татгалзаж эхэллээ

- Дубайд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээ зурсан гэсэн үндэслэлээр Ерөнхий сайдыг огцруулах бичин гарын үсэг цуглуулаад олон сар болсон. 19 хүн нь бүрдээд л сая өргөн барьсан. Түүнээс яг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдоогүй. Гэвч Сингапурт Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд нар хөрөнгө оруулалтын хэлэлцээ хийж буй энэ цаг мөчид уг тогтоолын төслийг өргөн барилаа. Ингэснээр албаны хүмүүсийн мэдээлснээр энэ гэрээ, хэлэлцээрт муугаар нөлөөлж байна.

Хөрөнгө оруулагчид ажиглагчийн байр суурьт шилжиж, хэлэлцээрт орохоос татгалзаж эхэллээ. Энэ үнэхээр муу. Сонгууль дөхсөн, эдийн засаг сайнгүй, олон аймаг цас зудтай байгаа ийм үед Засгийн газраараа оролдох нь тохиромжгүй, буруу. Засгийн газарт алдаа, дутагдал байгаа бол хэлэлцэх хууль эрх зүйн орчин бий, тэр хүрээндээ ярих ёстой. Нэгэнт УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг өргөн барьсан учраас тогтоолын төслийг богино хугацаанд хэлэлцээд ойлгомжтой болгох нь гадаад, дотооддоо ашигтай.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой

-Үндсэн хуулийн цэд Засгийн газраас машин, ой тэмдэглэх нэрээр 330 сая төгрөг нөөцөөс гаргуулах зэргээр авлига авсан. Ийм Засгийн газар байж болохгүй гэж эсэргүүцэхдээ би төсөлд гарын үсгээ зурсан. Авлига авсан Цэцийн гишүүдийг хөөж явуулах ёстой юм бол өгсөн Засгийн газрыг нь бас огцруулах ёстой. Намайг огцруулах төслөөс нэрээ татсан гэж буй нь худал. Гарын үсэг зурснаас хойш Засгийн газрын алдаа бүр даамжирсан. Эрүүл мэндийн сайд нь албан өрөөндөө авлига авч байгаад баригдлаа.

Ийм нөхцөлд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой. Тэгээд орных нь хүнийг томилохгүй гурван сар боллоо. Эрүүл мэндийн салбарыг эзэнтэй болго гэж эмэгтэй гишүүд, бие даагчид ч, би ч сануулсан. Мөн хүүхдийн мөнгийг ялгавартай олгох саналаа УИХ-аар батлуулаад, 40 хоногийн дараа шийдвэрээсээ буцаж байгаа юм. Үнэхээр өгөх бололцоо байсан бол төсөв батлах үедээ хасуулах шаардлагагүй. Энэ бол сонгуулийн шоу гэдгийн баталгаа. Ард түмнээр тоглохоо болих хэрэгтэй.

С.Дэмбэрэл: Огцруулах үндэслэл алга байна

-Юуны өмнө Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл алга. Хүмүүсийн амьжиргаа тааруу, эдийн засгийн өсөлт муу үед Засгийн газрыг тогтворгүйтүүлэх нь хөрөнгө оруулагчдад ч, ард түмний олонход ч таалагдахгүй. Ингэснээр УИХ дээр өрнөж буй ажилд гацаа үүснэ. УИХ-д цаг хугацаа чухал. Олон чухал хуулийг муу, сайн ч гэсэн баталж байгаа. Энэ талаас нь би асуудалд хандаж буй. Тиймээс хамгийн зөөлнөөр хэлэхэд төсөл оруулж ирсэн гишүүдийг их гайхаж байна. Бид цаг хугацааны мэдрэмжтэй байх ёстой. Монголын эдийн засаг ямар байгаа билээ, үүнийг засах элдэв өр, зээл ярьж, иргэдийн амьдралыг сайжруулах боломжийг эрэлхийлж байна.

Татварын орчноо ч өөрчилж буй. Ерөнхий сайд баасан гариг бүрт чуулган дээр мэдээлэл хийхэд гишүүд асууна, заримдаа загнаад л явж байна. Юм хийе гэвэл эхлээд юу нь болохгүй байгааг, яаж хийх арга замыг хэлж өгөх ёстой. Үүний дараа санал боддоо хэлээд явах нь зөв. Тиймээс би дэмжихгүй. 20 биш, 19 гишүүн тогтоолын төсөл өргөн барьсан юм билээ, залруулахад. Энэ бол тэдний л сонголт.