УИХ дахь Бие даагч
2016.01.18

ЭМС-ын сайдыг 30 хоногийн дотор томилох хуулийн заалтыг ерөнхий сайд зөрчсөн

УИХ дахь Бие даагч гишүүд өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Гацууртын ордын асуудал дээр эцсээ хүртэл эсрэг байр суурьтай байна гэдгээ мэдэгдээд, “Гацууртын орд дахь хүнцэлийн хорыг 2000-10000 мянган жилийн хугацаанд саармагжуулахад ихээхэн хэмжээний зардал гарна. Мөн олон зуун хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдана. Ялангуяа Сэлэнгэ, Дарханаас нэр дэвшсэн болон нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй” гэв.

Мөн “Ирэх 2016 оны сонгуульд зарим нэг аймгийн мандатын тоог цөөрүүлж улмаар нийслэлийн мандатын тоог нэмэх асуудал ярьж байна. Төрийн эрх барьж буй улстөрийн хүчин өөрт тохирсон байдлаар хуулийг баталж болохгүй. Монгол орон өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг энэ үед иргэдийн саналыг үл хүндэтгэсэн арга хэмжээ авч болохгүй” гэлээ.

Бие даагч гишүүд мөн Төрийн албаны тухай хуулийг дэмжихээр болжээ.  Үүнээс гадна Онцгой албан татварын тухай хуулийг өөрчилж, архи импортлох зөвшөөрлийг 1 тэрбум, шар айраг импортлох зөвшөөрлийг 500 сая, дарс импортлох эрхийг 100 сая төгрөгөөр тогтоож байгаа нь хэдхэн хүний эрх ашгийг хамгаалсан хэрэг болж байгааг хэлэв.

Түүнчлэн Ерөнхий сайд ийн салбарын ажлыг унагаж, хариуцлагагүй байдлыг бий болгож байгаа тул Г.Уянга гишүүний санаачилсан огцруулах тухай асуудлыг эрчимжүүлэх гэнэ.

УИХ маргааш Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ тухайд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун цэцийн гишүүний тэтгэвэрт гарах насыг 65 байх заалтыг дэмжинэ. Ингэснээр цэц хариуцлагажина хэмээн үзэж байна хэмээв.

Тэд Улс төрийн намын тухай хуулинд намуудыг хөрөнгөгүй байхаар тусгаж оруулж ирснийг эсэргүүцэж байгаа ажээ.