Огцруулах асуудлыг түдгэлзүүлсэн байгаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2015.11.05

Огцруулах асуудлыг түдгэлзүүлсэн байгаа

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаас Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцож, огцруулах асуудлын талаар Засгийн газарт чиглэл өгөх байнгын хорооны тогтоол гарган, Засгийн газарт хүргүүлэхээр болсон.

Үүнтэй холбогдуулж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах тодруулгыг хийлээ.

-УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод хариуцлага тооцох тухай асуудлыг Засгийн газарт хүргүүллээ. Өмнө нь тэрээр С.Баярцогт сайдад хариуцлага тооцох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн ч Цэцээс гарах шийдвэртэй холбоотойгоор хэсэг хугацаанд асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан. Ийм нөхцөлд дахин хариуцлага тооцох асуудлыг тавих нь зөв юм уу. Хууль эрх зүйн хүрээнд үүнийг яаж зохицуулсан байдаг юм болоо?

-УИХ-ын тухай хуулийн 26.3 дугаар заалтын дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг дээр холбогдох заалт бий, Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах гээд. Энэ эрхийнхээ дагуу О.Баасанхүү гишүүн сайд С.Баярцогтыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Гэхдээ нэр бүхий иргэд Засгийн газрын танхимаар ажиллах зарчим алдагдаж байна гэсэн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаад, тэр дагуу Цэц хуралдаад УИХ-ын гишүүн нь сайд огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байгаа нь Засгийн газар танхимаар ажиллах зарчим бусад заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтийг УИХ өнгөрсөн сард хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргаж, Цэцэд хүргүүлсэн.

Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа ойрын үед энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж өгөөч ээ гэсэн. Тэгэхээр УИХ-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдож Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох болж байгаа. Энэ асуудал Үндсэн хуулийн цэцийн түдгэлзүүлсэн заалт учраас эцсийн шийд нь гартал энэ хуулийн үйлчлэл угаасаа зогссон. Ийм нөхцөлд хажуугаар нь хууль санаачлах ч юм уу, бусад асуудал шаардлагагүй.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоод шийд нь гарахаар асуудлыг хэлэлцэх эсэх эцэслэгдэнэ. Хэрэв шийдвэр нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж гарвал нээлттэй огцруулах асуудлыг УИХ хэлэлцээд явна. Зөрчсөн гэсэн дүгннэлт гарвал хэлэлцэх боломжгүй хаагдана гэсэн үг.

-УИХ 2012 оны наймдугаар сард Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулсан. Өргөдлийн байнгын хорооны үндсэн чиг үүрэг нь яг юу юм бэ. О.Баасанхүү даргын хэлж байгаагаар бол сайд С.Баярцогтыг огцруулах саналыг иргэд ирүүлж байгаа учраас асуудлыг тавьж байгаа гэдэг ч юм уу. Нэг асуудлаа дахин, дахин хэлбэрийг нь өөрчлөөд л зүтгүүлээд байна л даа. Ингэх эрх нь хуулиар заагдсан байдаг юм уу?

-УИХ-ын тухай хуульд холбогдох байнгын хороодын эрхлэх асуудал, чиг үүргийг тодорхой заасан. Тэнд Өргөдлийн байнгын хороонд харьяалагдах хэд, хэдэн заалт бий. Цөөхөн хэдэн заалт, иргэдээс ирсэн санал гомдлыг судалж нэгтгээд холбогдох газарт уламжлах гэсэн чиг үүрэг бий. Шинэ тутамд байгуулагдсан байнгын хороо учраас бүх асуудалд оролцоно гэвэл болохгүй. Угаасаа УИХ-д найман байнгын хороо бий, өөр, өөрийнх нь эрхлэх асуудал, чиг үүрэг гэж бий. Тэр бүр лүү давхиж ороод байх нь хэр зохимжтой юм бол оо. Ингэж л бодогдож байна.