Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барилаа
Ерөнхий сайдаар томилогдсон анхны чуулганы хуралдаан дээр л Ч.Сайханбилэгийг “огцруулна шүү” хэмээн анхааруулах, айлгахын завсарт сануулж явсан УИХ-ын гишүүн Г.Уянга 20 хүний гарын үсэг бүхий огцруулах бичгийг өчигдөр өргөн барилаа.
Г.Уянга болон бие даагчид, Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Ганбаатар, МАН-ын 13 гишүүн дээр нь АН-ын Р.Амаржаргал нарын гарын үсэг бүхий огцруулах бичигт “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал Туркойз Хилл Ресурс болон Рио Тинто компанитай Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрчээ” гэдгийг дурдаад энэ нь Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын дөнгөж 8-9 хувь болсон нь Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл гэж онцолжээ.
Гэхдээ огцруулах бичигт гарын үсэг зурсан гэх Р.Амаржаргал гишүүний хувьд хоёр сарын өмнө саналаасаа буцсан гэдгээ твиттер хуудаснаа бичиж, “холбогдох хүмүүст хэлсэн” тухайгаа нийгмийн сүлжээгээр мэдэгдэж байсан.