Солонгосчууд Японыг үзэн ядахын учир
2015.12.21

Солонгосчууд Японыг үзэн ядахын учир

Өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлээр Японы Ясукуни сүмийн нийтийн бие засах газарт тавьсан бөмбөг дэлбэрсэн. Азаар хэн ч амиа алдаагүй. Арваад хоногийн дараа хэргийн эзэн баригдсан нь 27 настай Өмнөд Солонгосын иргэн байв. Ясукуни сүм бол солонгосчуудын хувьд Японы милитаризмын билэг тэмдэг. Хэрэв энэ сүмд Японы улс төрчдөөс хэн нэгэн нь очвол Японы эрх баригчид Дэлхийн хоёрдугаар дайнаар хийсэн нүгэлдээ гэмшихгүй байна гэсэн үг. Гэхдээ солонгосчуудын дургүйг хүргэдэг зүйлс зөвхөн сүм биш. Япон Солонгосыг колончилж байсан түүх өнөөгийн улс төрийн амьдралд хүчтэй нөлөөлдөг. Солонгосын төр, нийгмийн зүтгэлтнүүдийн хувьд солонгос хүн Японд талтай байна гэдэг нь байж болшгүй зүйл.

Япончууд яагаад солонгосчуудын дурсамжид заналт дайсан болж үлдсэнийг ойлгохын тулд түүхийн хуудас сөхье.  Солонгосын хойг дахь Японы колончлолын сүүлийн 10 орчим жилийн бодлогыг “угсаатны дарангуйлал” гэж томъёолдог. Япончууд солонгосчуудыг “хоёрдугаар сортын япончууд” болгох зорилгоор Зүүн Азийн хамтын хөгжил цэцэглэлийн Их соёл гэгчийг бий болгох гэж байхдаа Солонгосын соёл, уламжлалыг шат дараатай устгах бодлого явуулж байв. Солонгосчуудыг япон овогтой болохыг шаардаж, япон хэлийг сургуулиудад үндэсний хэл болгон заадаг байв. Тэр байтугай зөвхөн япон угсаатан шүтэх ёстой гэгддэг “синто” шашны үзлийг тулгаж байжээ.

Энэ маягаар Солонгосын соёлоос олон зүйл устсан.

Өнөөдөр Солонгосын үндсэрхэг үзэлтнүүд “харгис япончууд манай эртний агуу соёлыг, тулааны урлагийг, гүн ухааны уламжлалыг устгасан” гэж ярьдаг.

Өмнөд Солонгосын үндсэрхэг үзэлтэн Японы далбааг шүдээрээ урж байна

Солонгос нь колонийн бодлогын үр дүнд хагас японжсон байсан учир 1942 онд Солонгосыг хот улс болгох тухай ч яригдаж байв. Япончууд Европын колончлогчдоос ялгаатай нь Солонгосыг хөгжүүлэхэд багагүй зүйл хийсэн. Энэ талаас нь аваад үзвэл сайн уу муу юу гэдэг асуудал босч ирнэ. Нэг талаас япончууд түрэмгийлэгчийн байр сууринд байсан ч нөгөө талаас тэд Солонгосын дэд бүтцийг хөгжүүлж түүний дотор ус дамжуулах суваг барьж, үүний ачаар солонгосчуудын дундаж наслалт хоёр дахин өссөн байна.

Өөрчлөн шинэчлэх, японжуулах хоёр процесс хосолсон нь колончлогчдод үр дүнгээ өгчээ. Солонгосчуудын үндэсний чөлөөлөх хөдөлгөөн ямар нэг хэлбэрээр үргэлжилж байсан ч (гэхдээ гадаадад) Солонгосын нийгэмд Японд талтай нэг хэсэг бий болжээ. Энэх хүмүүс нь нэгдүгээрт Япончуудын үед өндөр албан тушаал хашиж байсан, эсвэл сайн дураараа Японы арми, цагдаад элссэн (камиказа болж байсан солонгосчууд ч бий), хоёрдугаарт шинэ дэглэмийн үед төрж өссөн, япон хэлийг хоёр дахь төрөлх хэлээ болгосон, япон зан байдал бүхий хүмүүс юм. Юутай ч ийм хүмүүс Японд дуртай дургүйгээсээ үл хамаарч япон соёл, япон уламжлалыг өөртөө шингээсэн.  Орчин үед Солонгосын түүхчид энэ хүмүүсийг “Чхинильпха”  (Япон фракци) гэж нэрлэдэг.

Хэрэв солонгосчууд чөлөөлөгдөөгүй бол Солонгосын үндэсний онцлог устах байсан байж магадгүй. Дэлхийн хоёрдугаар дайнд япончууд ялагдсан нь Солонгос дахь японжуулах үйл явцыг зогсоожээ.

Гэхдээ зарим шалтгааны улмаас дайны дараа германчууд Гитлерийн үзэл суртлаас бүрэн татгалзаж (Денацификация (гер. Entnazifizierung) дайны буруутнуудыг бүгдийг шийтгэсэнтэй адил үйл явц Японд болоогүй. Үүний нэг баталгаа нь япончуудыг дайн эхлүүлэхэд хүргэсэн Эзэн хаан шийтгэлгүй үлдсэн явдал юм.

Гэхдээ солонгосчууд чөлөөлөгдсөн нь тэдний гавьяа биш байлаа. Солонгосын цэргүүд ард түмнээ чөлөөлөхийн тулд Өмнөд Солонгосын нутаг дэвсгэр дээр байлдаж байсангүй. Түүгээр зогсохгүй Солонгосын өмнөд хэсгийг эзэлж авсан Америкийн цэргүүд хүртэл япончууд бууж өгөх гэрээнд гарын үсэг зурснаас хойш гурван долоо хоногийн дараа Солонгосын хойгт очсон юм. Тэгэхээр “чөлөөлсөн” гэдэг үг тийм ч тохиромжтой биш. Тиймээс Солонгос нь хэн нэгний тусламжгүйгээр чөлөөлөгдсөн ч жинхэнэ ялалт байгаагүй болохоор солонгосчуудад энэ сэдвээр бахархах зүйл байхгүй нь зовлонтой.

Дараагийн нэг асуудал бол япончууд солонгосчуудыг инженер, удирдлагын албан тушаалтнаар бэлдэж байгаагүй явдал. Арай дөнгүүр мэргэжилтэй нь нөгөө л солонгосчуудын дургүй “чхинильпхачууд” байв.  Тиймээс япончууд Солонгосыг орхисноор боловсон хүчний дутагдалд орж орос, америк мэргэжилтнүүд оронд нь ажиллаж Солонгосын аж үйлдвэр, төр засгийг сэргээхэд тусалжээ.

Солонгост өөрийн гэсэн засаг төр тогтсоны дараа “чхинильпхачууд” хэмээх үндэсний урвагчдыг шийтгэх кампанит ажил эхэлжээ. Энэ ажлыг БНСУ-ын анхны ерөнхийлөгч, үндсэрхэг үзэлтэн Ли Сынман санаачлав. Түүгээр барахгүй урвагчдыг шийтгэх тусгай хороо байгуулав. Гэвч нэгдүгээрт Чхинильпхачуудыг зайлуулсан ч тэднийг орлох чадвартай хүн цөөхөн байснаас гадна, хэрэв тэд алга болчихвол зүүнийхэн засагт шургах боломжтой байсан учир хүссэн хүсээгүй Чхинильпхачуудын хүчийг ашиглахаас аргагүй болов. Ингээд кампанит ажлыг цуцалжээ.

БНСУ-ын анхны ерөнхийлөгч Ли Сынман

Дараа нь өнөөгийн ерөнхийлөгч Пак Хин Хөгийн эцэг генерал Пак Чон Хи цэргийн эргэлт хийж Солонгосын Засгийн эрхэнд гарав. Энэ хүн нэг талаар дарангуйлагч, нөгөө талаар Солонгосын эдийн засгийн гайхамшгийг эхлүүлэгч юм. Тэрээр Японы армид сайн дураараа элсэж байсан. Пак Чон Хи колонийн үеийг зөвтгөдөггүй байсан ч улс орноо шинэчлэх ажлыг Япон маягаар явуулжээ. Тиймээс Солонгосын аж үйлдвэр, боловсролын систем зэрэг нь япон шинжтэй байдаг. Үүний төлөө зарим үндсэрхэг үзэлтнүүд Пак Чон Хиг буруутгадаг.

Ялангуяа тэр 1965 онд Японтой дипломат харилцаа тогтооход солонгосчууд эсэргүүцэж байв. Пак Чон Хи олон нийтийн санаа бодлын эсрэг зоригтой алхам хийсэн нь хожим улс төр, эдийн засагт үр шимээ өгчээ. Солонгос нь Япон, Америкийн дунд тэнцвэртэй бодлого явуулж, япончуудаас колончлолын төлөө нөхөн төлбөр авч байсан нь эдийн засгийг босгоход тун хэрэгтэй байв.

Японтой энхийн гэрээ хийхийг эсэргүүцсэн Солонгос оюутнуудын жагсаалыг тарааж байна. 1965 он.

Солонгосын эдийн засгийн гайхамшгийн үндсийг тавигч Пак Чон Хи Японд талтай байсан ч солонгосчууд Японыг үзэн ядсан хэвээр үлдсэн юм. Өнөөдөр ч гэсэн Японыг магтсан эрдэмтэн, улс төрч хүн үндэстнээсээ урвасан гэсэн үг.

Харин япончуудын хувьд өөр бодолтой. Тэд Япон улс хийсэн хэргийнхээ төлөө аль хэдийнэ нөхөн төлбөр өгсөн учир түүхийн хуудсыг дахин дахин сөхөх хэрэггүй, цаашдаа эцэг, өвгөдийн хийсэн хэргийн төлөө нүглээ наминчлах шаардлагагүй гэж үздэг.