Үндсэн хуулийг сонгуулийн дараа өөрчлөх байр суурьтай байгаа
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2015.11.16

Үндсэн хуулийг сонгуулийн дараа өөрчлөх байр суурьтай байгаа

УИХ дах бие даагчдын зөвлөлөөс энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Энэ долоо хоногт Ард нийтийн санал асуулга мөн Сонгуулийн тухай хуулиуд орж ирж байгаа. Сонгуулийн хууль дээр бие даагчид нэн тэргүүнд намын жагсаалтаар сонгогддог асуудлыг болъё гэсэн байр сууртай байгаа. Сонгууль бүрт нэг хэсэг нь өөртөө ашигтайгаар Сонгуулийн хуулийг өөрчилж байгаа нь буруу.

Ардчиллын амин сүнс нь чөлөөт ардчилсан сонгууль байдаг. Гэтэл нэг хэсэг нь  сонгуулийг өөртөө тохируулж явуулснаар нийтийн эрх ашиг хохирч байна. Тиймээс сонгуулийн хуулийг аль болох өөрчлөхгүй байх чиглэл рүү тогтвортой байх төлөвшлийг бий болгох ёстой.  

Үндсэн хууль дээр бид цаг нь биш гэж үзэж байгаа. Засгийн газрыг тогтвортой ажиллуулдаг байхын тулд Үндсэн хуулийн өөрчлөх хэрэгтэй гэсэн зүйл яриад байгаа. Засгийн газар тогтвортой байсан шүү дээ. Их хурлын хяналтгүй Засгийн газарт ганц хүн дураараа тонгочдог болгочих юм бол Таван толгой байхгүй болно. Өнөөдөр парламентын хяналт нь байгаа учир Засгийн газрыг хазаарлаж дөнгөөд байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөх юм бол Засгийн газрын хазаарыг нь мултлаад ногтыг нь  аваад тавихгэж байгаатай адил зүйл болно.  
Үндсэн хуульд өөрчлөлт хийх бас нэг шалтгаанаа хангалттай төсөв өгдөггүйтэй холбоод байгаа.

Манайд  бодлого төлөвлөлтийн бүтэц байхгүй учраас хүн бүр тойрог тойрог руугаа хөрөнгө татаад байгаа юм. Засгийн газрын тухай хуульд бодлого төлөвлөлтийн асуудлыг бий болгох түүнийгээ дагадаг ёс суртахуутай болчих юм бол энэ асуудал заавал Үндсэн хуулиар шийдэгдэхгүй байж болно. 

Бас нэг шалтгаанаа төр суларлаа гээд байгаа юм. Намайг анх төрд орж байхад сайд нар бүгд мэргэжлийнх байсан. Тухайн салбараас шалгарсан бүгд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байсан. Одоо бол тийм биш. Одоо ямар ч хүн дурын яамны сайд болдог болчихсон. Мэргэжлийн сайд бол мэргэжилтний оруулж ирснийг сонсож байгаад шийдэл гаргадаг. Одоогийн сайд бол уншиж байснаа аятайхан санагдсанаа авчихдаг. Нэг үгээр хэлбэр өнөөдөр яамыг сайдын тархиар  биш мэргэжилтний тархиар ажиллуулж байна. 

Намууд мэргэжлийн бус бүлэглэлийн төлөөллүүдээ аваачиж тавьж байгаагаас энэ төр суларч байна. Үүнийг заавал Үндсэн хуулийг өөрчлөлгүйгээр Төрийн албаны тухай хуулийг өөрчлөөд шийдэж болно. 

Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх асуудлын сонгуулийн дараа болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.