Намдаа ч, тойрогтоо ч нүүртэй хүн
2012.03.26

Намдаа ч, тойрогтоо ч нүүртэй хүн

Манай 76:? Булан өндөрлөх дөхөж байна. Ерөнхийдөө дөрөвхөн гишүүн үлдээд байна. М.Энхболд, Н.Энхболд, тэгээд ангийн дарга Д.Дэмбэрэл. Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Өлзийсайханы Энхтүвшинг онцолж байна. Тэрбээр 2000, 2008 онд Хөвсгөл аймагт МАХН /одоогийн МАН-аас/ нэр дэвшин сонгогдсон. 2000-2004 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, БСШУ-ы сайдаар ажиллаж байсан туршлагатай улстөрч билээ.


Амлалт


2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ намынхаа мөрийн хөтөлбөрөөр “гул барьж” оролцсон бөгөөд Хөвсгөл аймагт МАН-аас Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, АН-аас Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нар сонгогдсон. Хөвсгөлчүүд хэнийг хааш нь илгээхээ мэддэг ард түмэн болохоор улаан, цэнхэр гэж туйлшраад байдаггүй нь хоёр намаас тэнцүү төлөөллийг УИХ-д илгээснээс нь харж болно. Ө.Энхтүвшин намын мөрийн хөтөлбөрөөс гадна гишүүнийхээ 500 сая, нэг тэрбумыг ядаж цөхөх юмгүй тойрогтоо шингээчихдэг овсгоотой эр бололтой.
 Хөвсгөл аймгаас түүний 500 сая төгрөгөө юунд зарцуулсныг нь хүснэгтээр гаргаж өгч, сайтад тавьсан байна. Тэрбээр 500 сая төгрөгөөрөө “аймаар их” ажил амжуулж, тойрогтоо багагүй юм хийсэн бололтой юм. Хөвсгөл аймгийн Арбулаг суманд багийн төв тохижуулахад 20 сая, Бүрэнтогтох суманд блокны үйлдвэр байгуулахад 15 сая, мөн суманд сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмж суурилуулахад 50 сая, Галт суманд халуун усны байр барихад 5 сая, Галт сумын хүн эмнэлгийг засахад 20 сая, Цагааннуурын цагаан загасыг хамгаалах төсөлд 20 сая гэхчлэн Хөвсгөлийн бүх сумдад 500 саяасаа хувь хишиг хүртээсэн юм байх. Амлах ч яахав тухайн цаг үеийн сэтгэлийн хөөрлөөр шийдэгддэг асуудал биш болохоор ултай суурьтай, боломжтой гэсэн зүйлээ амладаг биз. Харин амлалтаа биелүүлэх эсэх нь тухайн улстөрчийн, гишүүний сэтгэл зүтгэлийн хэрэг. Ө.Энхтүвшин гишүүний тойрогтоо хувиасаа  амласан амлалт гэж тоймтой юм алга. Намын хүчтэй, нөлөөтэй лидерийн хувиар “ногоон гэрэл”-ээр гарна гэсэн итгэлтэйгээр сонгуульдаа оролцож, ялих шалихгүй зүйл амлаагүй ч байж мэднэ. Амлаагүй байж гишүүний мэдлийн 500 сая, 1 тэрбумаа аймгийнхаа хэмжээнд “цацчихсан” нь үнэн л бол түүн шиг үнэнч улстөрч гэж үгүй болох биз.

Амжилт


Ө.Энхтүвшин бол төрийн туршлагатай түшээдийн нэг. Одоо тэрбээр УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд харьяалагддаг түүнийг МАН-ын XXVI их хурал дээр намын даргад нэрээ дэвшүүлэхэд нь хэн ч түүнийг “илүү ш дээ” гээгүй нь түүний нэр улстөрд цэврээрээ явааг нь илтгэдэг. Намын хүчтэй лидерийн хувьд ч, бүлгийн даргын хувьд ч түүний хэлсэн үг, хийсэн үйлдлийг нь тэр бүр шүүмжлээд байдаггүй. Намын бүлгүүд хаалттай хуралддаг болсон цагаас МАН-ын Ө.Энхтүвшин, АН-ын Ч.Сайханбилэг хоёрт сэтгүүлчдэд хаалттай хурлынхаа мэдээллийг нээлттэй өгөх сайхан ажил оногдсон. Энэ үүргээ ч хангалттай биелүүлж байгаа. Сэтгүүлчдийн асуултад ч бүдэрч байсан нь үгүй. Ө.Энхтүвшин Улсын бага хурал, Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд шуурхай, үнэн бодитой хүргэхэд гүүр болон ажиллаж байсан анхны цөөхөн сурвалжлагчдын нэг. Түүнийг аливаа асуудалд нухацтай, няхуур ханддаг, өөрийн үзэл бодолдоо үнэнч, тууштай, мэдрэмжтэй нэгэн гэдэг. Энэ чанарыг нь ойрын хүрээнийхэн нь сэтгүүлч мэргэжилтэй нь холбох нь бий. Бас түүнийг шинэчлэгч гэдэг. Улс төрийн амьдралд арав гаруй жил зүтгэж байгаа ч ямагт “шинэ” байдаг онцлогтой. Шинэ байх гэдэг нэг талаас хуучнаасаа салж, хагацаж чаддаг гэсэн үг.  Тэрбээр МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд, ахлах ажилтан, “Ардын эрх” сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга, “Үнэн “сонины ерөнхий эрхлэгч, МАХН-ын нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Засгийн газрын гишүүний албыг тус тус хашиж байсан. Ө.Энхтүвшин гишүүнийг сүүлийн үед УИХ дахь МАН-ын бүлгийн дарга болоод сонин хачин шийдвэр их гаргах болсон гэж ярих болсон. Тухайлбал Сонгуулийн тухай хуулийг ард түмнээр хэлэлцүүлэн батлуулах саналыг тавьж “коко” авсан. Даанч түүний санал хол яваагүй.  Хэрвээ түүнийг Их хурлын даргаар тавьчихвал Засгийн газар болон УИХ-аар батлах хууль тогтоомж, шийдвэрийг бүгдийг нь ард иргэдийн оролцоотойгоор шийддэг болох юм ч юм бил үү.  Муу нь юу байх вэ.

Алдаа


УИХ-д долдугаар сарын 1-ний үйл хэргийн талаар хоёр ч ажлын хэсэг ажиллаж буй.  Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг нь онц байдал тогтоох явцад болон эл хэрэгт холбогдуулж хуулийн хариуцлага хүлээл­гэсэн хүмүүсийн хүний эрх зөрчигдсөн эсэх талаар ажиллаж байгаа. Харин гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг нь уг үйл явдлын талаар үнэлэлт дүгнэлт өгөөд УИХ-д тайлагнах ёстой байв. Түүний ахалсан ажлын хэсэг чухал байр суурьтай байсан.  Гэвч тэр өөрөө үүнийг хүсээгүй биз. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын сэтэртэй байснаараа энэ том хэрэг рүү “томилогдчихсон” биз.  Ө.Энхтүвшинг Н.Энхбаяр­ын шадар хүн гэдэг. Тэд олон жил хамт ажилласан. Тухайлбал, 2000-2004 оны хооронд Н.Энхбаяр Ерөнхий сайдаар ажиллаж байх үед Ө.Энхтүвшин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Н.Энхбаярыг намынхаа генсек байхад Ө.Энхтүвшин нарийн бичиг нь байсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэдэг Ерөнхий сайдынхаа  бүх нууцыг мэддэг, хар бор ажлыг нь ч нугалдаг, сайд нараа зангидаж даргынхаа гарт төвлөрүүлдэг хүн гэсэн үг. Нэг багт хамтарсан тоглолт хийж сурсан нөхөд гэсэн үг. 2004 оны УИХ-ын сонгуульд МАХН ялагдахад Ө.Энхтүвшин Хөвсөл аймагт нэр дэвшин ялагдал хүлээсэн. Ялагдал хүлээх ч юу байх вэ, түүнийг ялагдуулсан гэдэг. Учир нь УИХ-ын дарга асан Л.Энэбиш нас барахад түүний оронд Н.Энхбаяр зүтгэсэн. Тэгэхэд Ө.Энхтүвшин бас санаатай байсан нь Н.Энхбаярт таалагдаагүй гэдэг. Энэ үйл явдлаас болж тэдний харилцаа жаахан доройтсон ч мөдхөн эргээд “нөхөд” болж чадсан. Намаас нь сонгуульд ялагдсан хүмүүсийг ямар нэгэн албан тушаалд томилохгүй гэсний төлөө Ө.Энхтүвшин нам дотроо “жигүүр” байгуулж, тэмцэгчийн дүрд хувирсан юм. Н.Энхбаяр ч Ерөнхийлөгч болж, Ө.Энхтүвшин Хөвсгөл аймгийн нөхөн сонгуульд дахин нэр дэвшин сонгогдсоноор “жигүүрээ” дэлгэж амжилгүй газардсан. Ө.Энхтүвшинг учир мэдэх хүмүүс нь “хорчин” гэдэг юм билээ. Түүний жигүүр М.Энхболдыг МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаас огцруулах ажиллагаанд их хувь нэмэр оруулсан гэж байв. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ч Ө.Энхтүвшинд дургүйгээ нуудаггүй бөгөөд нам доторхи “жигүүр”-ээ  “дорбинкдоно”  гэж дуулиан тарьж байсан билээ. Ө.Энхтүвшин нэгэн үе Н.Энхбаяртай  шадарлаж явсан. Гэсэн атал долдугаар сарын 1-ний үйл явдлаар Н.Энхбаярыгаа Ө.Энхтүвшин нь байцаалаа гэхээр ямар сонсогдож байна. Н.Энхбаяр Ц.Элбэгдоржид төрийн там-гаа хүлээлгэж өгөөд ордноос гарах үед цэцэг тэвэрчихсэн зогсч байсан Ө.Энхтүвшин даргаасаа хэр мэдээлэл авсан бол. Үнэнийг тогтоох гэж оролдсон болов уу. Н.Энхбаярыг “байцаах” үед ажлын хэсэгт оролцсон гишүүн П.Алтангэрэл, Р.Гон-чигдорж, Д.Тэрбишдагва, Д.Энхбат, Х.Жекей нарыг нууц хадгалах гэрээнд гарын үсэг зуруулж “Хэрвээ ямар нэгэн мэдээлэл алдвал толгойтой чинь ярина шүү” гэсэн дарамтыг Ө.Энхтүвшин үзүүлсэн гэдэг. Яахаараа бусдын мэдээлэл нууц  биш, Н.Энхбаярын амнаас унасан үг нууц байдаг юм бол. Төрийн тэргүүн байсан гэдэг утгаараа төрийн хамгаалалт дор тусгай хангамжид байгаа ч төдхөн УИХ-ын гишүүн бүрт тарааж  өгөх материалд үдэгдэх Н.Энхбаярын үгийг энэхэн зуур нууцалж нэр нүүрээ барсан нь яалт ч үгүй түүний алдаа юм.

Тэнэглэл


МАН-ын архаг хууччуулаас зөвхөн Хөвсгөл аймагт хэдэнтээ нэр дэвшиж сонгогдсон Ө.Энхтүв¬шин өнгөрсөн 2008 оны сонгуулиар тус аймгийн 40 орчим мянган өрх тус бүрт 50 мянган төгрөг бэлнээр тарааж нүнжигтэй загнасныхаа хүчинд торох юмгүй сонгогдож байсан гэдэг. Үнэн бол лидер улстөрчийн хувьд тэнэглэл. Далай ээж хэмээн монголчуудын нэрлэдэг Хөвсгөл нуурын хөвөөнд өссөн УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин МАХН-ыг МАН болгосон XXYI их хурал дээр намын даргад нэрээ дэвшүүлээд 801 төлөөлөгчийн 101 саналыг авсан. Радио телевизийн даргаас эхлээд БСШУ-ы сайд, УИХ-ын байнгын хорооны дарга, МАХН-ын генсек байсан тэрбээр сүүлийн үед дуугаа хураан дүнсгэр байх болсон. Бүлгийн хуралдааны мэдээллийг сэтгүүлчдэд дамжуулахаас хэтрэхгүй байдлыг харзнан дуугаа хурааж суугаа нь ч түүний хувьд тэнэг хэрэг. Долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой дуулиан шуугиан болоод байхад ч ажлын хэсгийг ахалж байсан хүний хувьд дуугүй суух нь ёсзүйгүй хэрэг.  Түүнийг дуугаа хураасанд нь нутгийнх нь хүн таарч “Чи овоо дуу шуутай байдагсан, одоо таг болчихдог нь, яав” гэхэд “Төвөг, төвөг. Би хөгширч байгаа юм биз. Энэ муу хоёр улаан чих дэмий юм сонсохоороо балай зүйл хэлсэн хэрэгт орчихоод байх юм. Миний нас ч дуусч, цаг ч төгсч” хэмээн хэлсэн гэх. Үнэн эсэхийг мэдэхгүй юм.  Өнгөрөгч намар “Элит” төвд МАН-ынхан зоог барингаа дотоод хямралаа цэглэхийг оролдсоноос болсон үйл явдал Ө.Энхтүвшинг тэнэг болгож орхисон. Ерөнхий сайд гишүүдийнхээ маргаанд тэсгэл алдаж “Намайг зөөлөн гэж элэг барьж байна уу, би хатуурхаж бас чадна шүү дээ” гэж хэлснээс бүх зүйл эхэлсэн. У.Хүрэлсүхтэй байнга харьцуулж, харьцуулахдаа ямагт доогуур үнэлж байдагт бухимдсан бухимдал нь тэсэрсэн байх. Цаадуул нь ч зоогоо халуунаар нь хаяад гарчээ. Гармагцаа Засгийн газрыг огцруулахаар ярилцав. Хэвлэлийнхэн энэ талаар шуугиж эхэлмэгц Ө.Энхтүвшингээр “Тийм зүйл огт болоогүй” хэмээн мэдэгдэл хийлгэсэн. Тэр оройдоо л Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг цуглуулах ажил эхэлж, хөөрхий Ө.Энхтүвшин гишүүн “худалч” болж орхисон. Үнэхээр өөрийн гэсэн толгойтой бол тэр “Тийм мэдэгдэл хийж чадахгүй гээд л хэлчих байсан. Гэвч тэр тэгж чадаагүй нь тэнэг явдал. УИХ-д сэтгүүлч байсан хүн хоёр намын бүлгийн дарга нар л байх. Гэтэл мань хоёр мэргэжил нэгтнүүдээсээ нүүр буруулж, хэвлэлийнхний эсрэг хуулийн зүйл заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулсныг нь Ө.Энхтүвшингийн хувьд хамгийн том тэнэглэл гэж болно. Тэрбээр энэ хуульд сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, дээрээс нь эдийн засгийн аргаар боомилно гэсэн заалтуудыг нэмэрлэсэн юм билээ.

Ирээдүй


Хөвсгөлчүүд ирэх сонгуулиар маш хүндхэн сонголтыг хийнэ. Одоогийн УИХ-ын гишүүд дээр МАН-ын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сарангэрэл, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл, MCS-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Л.Энх-Амгалан, УБЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Мөнхбаатар, АМГ-ын дарга асан Д.Батхуяг гээд өрсөлдөгч олон байх сурагтай байгаа. Ө.Энхтүвшингийн хувьд нутгийн ахдаа хэлж байсан шигээ “нас нь дуусч, цаг нь төгссөн” гээд нэр дэвшихгүй байж болох. Гэхдээ л хөвсгөлчүүд шиг үнэнч сонгогчдыг Монголын хаанаас ч олохгүй дээ, Ө.Энхтүвшин дарга аа. Ядаж байхад дөрвөн мандаттай байсан Хөвсгөлийн тойрог ирэх сонгуульд хоёрхон мандаттай болчихсон нь бүр ч хяслантай.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.